Ч.Баттуулд хар тамхи хүчээр хэрэглүүлж хэрэг тулгажээ

Америк иргэний аминд хүрсэн гэх 25 настай Ч.Баттуулын хэрэг өдгөө прокурорын хяналтад байгаа. Түүний хэргийг өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэлэлцсэн ч шүүх бүрэлдэхүүн эмэгтэйг ганцаараа 40 гаруй насны эрэгтэйг хөнөөнө гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс дахин шалгана уу гэсэн үндэслэлээр УМБГ-т буцаасан юм. Харин УМБГ-аас шалгаж дуусаад ийнхүү прокурорын хяналтад шилжүүлээд байгаа билээ.

Мөрдөн байцаалтын явцад Ч.Баттуул мэдүүлгээсээ олонтаа буцсан байдаг. Тэрбээр эхний өгсөн мэдүүлэгтээ, мөнгөнөөс болж амийг нь хөнөөсөн гэсэн байдаг. Мөнгөнөөс болж хөнөөсөн байж ч болох үндэслэл бий. Учир нь Жон Мартин Кийнийг Монголд авчрах үед хамтран хийх бизнест хөрөнгө оруулахыг хүсч10 мянган ам.долларыг ээжээс нь авахуулсан хэмээн мэдүүлсэн байдаг. Гэвч удалгүй энэхүү мэдүүлгээсээ бусад Жон Мартин Кийнтэй дотно харилцаатай байсан тухайгаа мэдүүлсэн. Тодруулбал, тэр залуугаа өөртэй нь гэр бүл болохгүй бол гадаад хүнтэй гэрлэнэ хэмээн өширхөж, талийгаачийг дуудаж ирүүлсэн хэмээн мэдүүлж эхэлсэн байна. Мөн “Надад мөнгө хэрэгтэй болоод бизнес хийхээр авчирсан мөнгийг нь авахын тулд амийг нь хөнөөсөн. Хэдэн удаа буудсанаа санахгүй байна. Тэгээд цогцсыг нь хоёр найзтайгаа нийлээд цасанд булаад хотод орж ирсэн. Миний багш байсан. Намайг хайртай шавь нарынхаа нэг гэдэг байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар дотно харилцаанд орохыг хүсдэг байсан. Би тэр явдлыг хүсээгүй юм” гэж мэдүүлж байсан байна. Энэ мэт өгсөн мэдүүлгээсээ хэд хэдэн удаа буцсан нь түүнийг сэтгэцийн өөрчлөлтэй байж магадгүй гэх таамгийг хүртэл гарган шалгуулж байсан юм.

Харин Ч.Баттуулын өмгөөлөгчийн зүгээс үүнийг эрс үгүйсгэдэг. Тодруулбал, тэрбээр “Ч.Баттуул АНУ-ын иргэн Жон Мартин Кийнтэй хайр сэтгэлийн холбоогүй байсан. Үүнийгээ ч өөрөө надад хэлсэн” гэх тайлбарыг өгч байсан билээ. Тэгэхээр Ч.Баттуул яагаад Жон Мартин Кийний аминд хүрэх болов.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ч.Баттуулыг Жон Мартин Кийний аминд хүрсэн шалтгааныг олон янзаар тайлбарладаг. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэрэг шийдэгдэлгүй сунжирсаар. Харин эх сурвалжийн мэдээлснээр, Жон Мартин Кийн Ч.Баттуулд хүчээр хар тамхи та­туулж, бэл­гийн дарамтад оруулдаг байсан гэнэ. Энэ нь зөвхөн нэг удаагийн үйлдэл бус хэд хэ­дэн удаа давтагджээ. Тэр ч бүү хэл хар там­хи та­тан ухаан алдсан байх үед нь гудамжинд хаяж бай­сан гэв. Жон Мар­тин Кийний хувьд хар тамхи татдаг нэгэн бай­сан аж. Тодруулбал,тэрбээр хилээр орж ирэхдээ хоёр кг хар тамхи тээвэрлэсэн гэх. Улмаар уг хар тамхийг худалдахаар хотоос зайдуу орших дээрх газарт очсон гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.

Хэрэг гардаг өдөр Ч.Баттуул хар тамхи худалдахаар болсон нэг орос, хэдэн монгол залуутай Налайх дүүргийн ойролцоо уулзахаар болсон байна. Тэд уулзах ёстой газраа ирж наймаа хийх гэсэн ч үл ойлголцсон аж. Өөрөөр хэлбэл, Жон Мартин Кийн ээжээсээ зээлсэн 10 мянган ам.долларыг өсгөж өгөх амлалтдаа хүрэхийн тулд өөрт байгаа хоёр кг хар тамхийг 40 сая төгрөг хэмээн үнэлсэн байна.

Харин түүний саналыг эсрэг тал хүлээж аваагүй буюу “Муу хар тамхи байна. Найман саяар авна” гэсэн байна. Улмаар тэд жинхэнэ хар тамхи гэж үүнийг хэлдэг юм хэмээн гурил шиг нунтаг зүйлийг гаргаж иржээ. Тэд тэр тамхийг зуучилж өгснөөрөө “чи татаж үз” хэмээн Ч.Баттуулд татуулсан байна. Гэтэл түүнийг нь татсан Ч.Баттуул тэр дороо ухаан алдаж унасан бөгөөд маргааш өглөө нь Налайх дүүргийн нэгэн буудалд хар тамхи татуулсан хүмүүстэй хамт байсан байна. Эх сурвалжийн хэлснээр тэд Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэдгийг хэлж, “хэргийг чи хүлээ” хэмээн сүрдүүлсэн байна. Ингээд Ч.Баттуул хэрэг гарсан газар очиж, өөрөө хэрэг хүлээх болсон учир цогцсыг шатаажээ.

Түүнийг хэргийн газар очиход цогцсыг цасаар булж, улмаар дээрээс нь картон цаасаар бүтээж, ус асган хөлдөөсөн байжээ.Тэрбээр цогцсыг шатаахдаа хоёр найзыгаа дуудаж, тусламж гуйжээ. Ч.Баттуул хоёр найзыгаа дуудахдаа хүн амины хэрэг болсон тухай хэлээгүй буюу архи уусан байх үедээ гэнэт зүрх нь хаагдчихлаа хэмээн хэлсэн байна. Ингээд найзууд нь ирж цогцсыг нуун шатаахад тусалжээ.

Тэд хэрэг гарсны маргааш цогцсыг шатаасан ч дутуу байж магад хэмээн хэргийн газар ирж дахин шатаасан байна. Энэ тухай Ч.Баттуулын найзууд буюу энэ хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нар ч мэдүүлэг өгөхдөө дурдсан байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ