Н.Ану: Найз залуу маань Р.Чойномын ач хүү

“Мисс Монголиа-2013” тэмцээнийн ялагч Н.Анутай сонирхолтой яриа өрнүүллээ.

-Монголын тэргүүн миссээр тодорсонд баяр хүргэе?

-2013 оны Монголын мисс болсондоо үнэхээр баяртай байна. Сэтгэл догдлол дээд хэмжээндээ хүрсэн. Өөрийгөө болох болов уу гэж их эргэлзэж байсан. Миний хэлсэнчлэн би зүтгэсэн бүх юмандаа амжилт гаргадаг. Японд болох тэмцээнд оролцохдоо Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөнө гэдгээ амлая.

-Энэ тэмцээнд оролцоход хамгийн хэцүү санагдсан номинаци юу вэ?
-Хамгийн хэцүү номинаци нь “Мисс спорт” байсан. Манай охидууд ч гэсэн үүнтэй бүгд санал нийлэх байх. Спортын гурван төрлөөр өрсөлдсөн байгаа.

-Ямар учраас миссийн тэмцээнд оролцсон бэ?
-Би хоёр жилийн өмнөөс миссийн тэмцээнд оролцохыг хүссэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөрийгөө маш сайн бэлдсэн гэж бодож байна. Үүнийхээ үр шимийг хүртлээ.

-Тэмцээнээс хойш юу хийж байна вэ?

Тэмцээнээс хойш Японд Монгол Улсаа төлөөлж оролцох "Miss International 2013" тэмцээнийхээ бэлтгэлд орсон. Бас загварын шоунуудад оролцож байгаа.

-Японд болох тэмцээн хэзээ болох билээ?

12-дугаар сарын эхээр Японд болно. Бүтэн нэг сар үргэлжлэх тэмцээн л дээ.

-Юунд илүү их бэлдэж байна вэ?

Хамгийн түрүүнд Япон улсыг маш сайн судлах хэрэгтэй гэж бодож байна. Хэл, зан заншлыг нь тодорхой түвшинд мэдэхийг эрмэлзэж байна. Хувийн бэлтгэлийг мэдээж сайн хангана. Гэхдээ 12 сар хүртэл бас хугацаа байна. Улам сайн бэлдэнэ.

-Сургуулиа төгсчихсөн гэсэн. Одоо хаана юу хийж байна?

“Мисс Монголиа-2013”-д орохоос өмнө МИАТ-д онгоцны үйлчлэгч хийж байсан. Одоо Японд болох тэмцээндээ бэлдээд түр чөлөө авчихсан байгаа. Эргэж ирээд ажиллана.

-Уг нь ямар мэргэжилтэй билээ?

Компьютер график дизайны мэргэжлээр төгссөн л дөө. Одоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа ч гэсэн хэзээ нэг цагт ажиллах байх. Одоохондоо Монголынхоо нэрийг гаргаад ирэхийн төлөө тэмцээндээ бэлдэж байна, бас ойрын хэдэн жилдээ онгоцны үйлчлэгчээрэ ажиллах бодолтой байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Усанд сэлэх маш дуртай. Бас интернетээр аялж, хаана юу болж байна, мэдээллээс хоцрохгүй судалгаа хийх дуртай. Сургамжит өгүүллэг их уншдаг. Бараг хэвлэгдэж байгаа сургамжит бүх өгүүллэгийг уншдаг гэхэд болно. Ер нь хүнд ямар нэг байдлаар тус болох, сургамжтай ном унших дуртай. Бас түүхэн чиглэлийн, жишээ нь “Ану хатан” ч юм уу хатдын тухай унших их сайхан.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

Японд хэвлэж ирсэн гэсэн байх аа “Нууц товчоо”-ны шинэчилсэн хувилбарыг уншсан. Нууц товчоог арай өөр өнцгөөс нь бичсэн ном байсан.

-Залуу хүний хувьд чиний амьдралыг үзэх үзэл юу вэ, амьдралын утга учир?

Хүн болж төрснийхөө хэргийг гаргаад, түүхэнд өөрийнхөө хэн гэдгийг,хэн болсныг харуулж амьдрах нь миний амьдалыг үзэх үзлийн илрэл болов уу. Сайхан сэтгэлээр бие биедээ тусалж, цор ганцаараа жаргах биш, бусдыгаа бас жаргах зам руу нь хөтөлж амьдрах нь амьдралыг утга учир байх гэж боддог.

-Хүндэлж, хайрлаж, үлгэр дуурайлал авч явдаг хүмүүсээ дурдаач?

Би тэрнийг дуурайдаг гэж хэлэх дургүй. Дуурайж ч байгаагүй. Яагаад гэвэл би өөрийнхөөрөө байдаг хүн. Мэдээж Болормаа багш, Одгэрэл, Ичинхорлоо эгч гээд хүндэлж, биширч явдаг Монголын сайхан эмэгтэйчүүд олон.

-Анх багштайгаа уулзаж, загварын ертөнцөд хөл тавьж байсан үеээ дурсаач?

Багадаа би хэл ам нь гүйцэгдэхгүй гэж ярьдаг даа, нэг л их яриа хөөрөөтэй хүүхэд байж билээ. Одоо харин даруухан талдаа. Багаасаа л загвар өмсдөг болох юмсан гэж боддог байлаа. Харин яаж вэ гэдэг гарцаа олохгүй явж байгаад оюутан байхдаа ШУТИС-ийн шилдэг загвар өмсөгч шалгаруулах тэмцээнд орж түрүүлж байсан. Тэгээд урамшаад “Монгол модель” агентлагт очиж бүртгүүлж байсан. 18 насандаа тэнд бүртгүүлж байсан. Одоо дөрвөн жил өнгөрчээ. Энэ хугацаанд өөрийнхөө хувьд чамлахааргүй амжилт үзүүллээ.

-Дөрвөн жил гэдэг бас богино хугацаа биш шүү. Шантарч байсан үе бий биз дээ?

Загварын охид бүгдээрээ туранхай, өндөр байх ёстой.Миний хувьд зургаан сарын өмнө жаахан мяраалаад сэтгэл санаагаар унаж, шантарсан. Хүн ер нь сэтгэл санааны амьтан юм билээ. Хүмүүс муулаад байхаар бас сэтгэл санаагаар унадаг тал бий. Ану хиймэл хамартай, хиймэл уруултай гээд л миний талаар мэдэхгүй байж худлаа ярьдаг монгол хүмүүсийн зан ч гэх юм уу надад их хүндээр туссан. “Говь” ХХК-ийн нүүр царай болоод зурагнууд авахуулах үед хиймэл охин байна энээ тэрээ гэсэн яриа их гарсан л даа. Тэр үед жаахан шантарсан.

-Чамд хиймэл эрхтэн байхгүй биз дээ?

Байхгүй. Миний биед ямар ч мэс хүрээгүй байхад хүмүүс тэгж ярьсан болохоор их эмзэглэсэн байхгүй юу.

-Гоо сайхан, жин, биеийн галбиртаа хэр анхаарал тавьдаг вэ, өөрийнхөө нууцаас хуваалцаач?

Хүн завгүй явах тусмаа эрч хүчтэй байдаг. Саяны тэмцээний үеэр маш шахуу бэлтгэл хийж байсан болохоор эрчимтэй турсан. Одоо Японд болох тэмцээндээ бэлдээд бас жингээ барьж, усандаа сэлж, спортоор хичээллэж байгаа. Миний хамгийн гол нууц бол ус их уудаг. Хүний биед хамгийн их хэрэгцээтэй зүйл ус гэдэг шүү дээ. Тэмцээний үеэр хэтэрхий ачаалалтай байсан болохоор арьс их ядарсан. Тийм болохоор арьсандаа аль болох энгийн, байгалийн гаралтай, амраах маск түрхэнэ. Солонгос тоснууд миний арьсан тохироод байгаа юм шиг санагддаг. Сүүлийн үед панасоник брэндийн нүүрний уурын аппарат их таалагдсан.

-Брэндсэг биз?

Заавал үнэтэй, хямдхан гэж өмсөж байгаа хувцсаа голох дургүй. Аль болох биед эвтэйхэн, аятайхан харагдаж байвал ямар үнэтэй байсан ч хамаагүй. Гэхдээ Zara, H&M гэх мэт залуусын брэндийг сонирхоно.

-Загвар өмсөгчдийн дандаа платье, туфль өмсөөд явж байдаг гэж бараг бүх хүн боддог. Чиний хувьд ихэвчлэн яаж хувцасладаг вэ?

Өөрийн чинь хэлдгээр ихэвчлэн л эмэгтэйлэг, аль болох даашинз, туфль өмсөх дуртай. Яагаад гэхээр эмэгтэй хүний гоо сайхныг илүү тодотгож өгдөг. Ер нь аль ч тохиолдолд бусдаас өвөрмөц, байхыг хичээдэг. Тод өнгийн, элдэв загвартай хувцаслана.

-Машин байгаа юу?

Байхгүй ээ. Найз залуу маань машинтай болохоор одоохондоо хэрэггүй л байна.

- Найз залуугаа танилцуулаач?

Манай найз залууг Амараа гэдэг. Бид хоёрын үерхэл миний загварын гараатай хамт эхэлсэн гэхээр дөрвөн жил болж байна. Гэхдээ өмнө нь оюутан байхдаа нэгнийгээ мэддэг байсан. Надаас хоёроор ах, дээд курсын залуу л даа. Барилгын чиглэлийн хувийн компанитай.

-Найз залуугийн чинь юу нь чамд таалагдаж, өөрийг чинь татаж чадав аа?

Манай хүн их яриасаг, үнэхээр ухаалаг, байгаа байдлаараа хүнийг өөртөө татах чадвартай. Алсын хараа сайтай. Тэгээд гол нь надад үнэхээр хайртай болохоор би сэтгэлээ өгчихсөн юм шүү.

-Анх чамайг яаж найрч байсныг эргэн дурсаач?

Анх хавар танилцаж байсан. Хавар хайр ирдэг гэж үнэн байх аа. Шалгалтаа өгөх гээд найзтайгаа сургуулийн коридорт зогсож байсан чинь ирээд манай найз танай найзтай танилцмаар байна гэнэ гэж худлаа хэлж надтай танилцаж байсан (инээв). Тэгээд л тэрнээс хойш уулздаг болоод, одоо тэгээд хамт амьдарч байна даа.

-Эр хүн чиний бодлоор ямар байвал сайхан бэ?

Эмэгтэй хүнийг ойлгодог, өөрийнхөө үүргийг ухамсарладаг, жижиг сажиг хов жив хөөгөөд байдаггүй, ноён нуруутай эрэгтэй хүн сайхан даа.

-Гэрийнхнээ танилцуулаач?

Манай ээжийг Ариунаа гэдэг. Хувиараа бизнес эрхлээд Дархан хотод амьдардаг. Олон улсын харилцааны мэргэжилтэй. Долоон сартай нэг бяцхан дүүтэй.

-Монголынхоо үзэсгэлэнт байгальтай газруудаар хэр их явж байв?

Хөдөө явах маш их дуртай. Хунтын хуур гээд давстай нуур луу явж байсан. Үнэхээр сайхан дурсамж тэр газарт өнгөрсөн. Бас энергийн хийд явж байсан. Ер нь аль болох амралтаараа хөдөө хаа нэгтээ явахыг хичээдэг. Цаг зав гарахгүй тохиолдол их л дээ. Ямар ч байсан Монголынхоо 21 аймгаар аялж үзэх байх гэсэн сайхан мөрөөдөл тээж явдаг.

-Загвар өмсөгчдийн элдэв хэл ам тойрч биш дайрч өнгөрдөг юм шиг байгаа юм. Чиний хувьд?

Зөндөө. Одоо яриад ч яахав дээ. Огт дэмий худлаа юм бичиж, ярьдаг болохоор заримдаа гомдох сэтгэл төрөх юм, заримдаа ч тэгээд тоогүй өнгөрдөг дөө. Би найз залуудаа хайртай, үнэнч бүсгүй.

-Найз залууд чинь бас хааяа эвгүй санагддаг л байх даа?

Мэдээж тэгдэг л байх. Гэхдээ худлаа гэдгийг нь мэддэг, надад итгэдэг болохоор аль болох намайг тайвшруулж, битгий сэтгэлээр уна гэж дэм өгч байдаг.

-Улам илүү олны танил боллоо, Монголын тэргүү мисс боллоо, цаашид хэл аманд өртөх нь улам л ихсэх байх гэж бодож байна. Сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байгаа биз дээ?

Бэлтгэлтэй байгаа. Хоёр жил гаруй элдэв хов ярианы бай болсон. Цаашид бай болсон ч гэсэн эмзэглэх зүйл алга аа. Загвар өмсөгч, миссүүд гэхээр л хар нүдний шил зүүгээд, их зан гаргаад, хэнтэй ч дуугадаггүй юм шигээр зарим хүн үздэг. Миний хувьд аль болох энгийн, байгаагаараа амьдрахыгчухалчилдаг. Олонтойгоо нийлээд явж байх сайхан шүү дээ. Хүн хүнээрээ байх л хамгийн гоё.

-Ер нь загвар өмсөгчид яагаад ийм хэл аманд их өртдөг гэж чи бодож байна?

Сайхан хүүхэн жаргадаггүй, сайхан хүүхэнд садаа мундахгүй гэдэг үгтэй л холбож ойлгодог доо. Өөр нэмэлт тайлбар хэрэггүй байх.

-Ямар хоол хамгийн сайн хийж чадах вэ?

Цуйван, шпагетти сайн хийнэ. Ер нь бол хуурай хоол хийх ч, идэх ч дуртай. Харин багадаа монгол лапшанд дуртай байсан. Одоо бол шпагеттид дуртай болчихсон. Бодоод байнхээ их гоймонсог юм байна.

-Англи хэлтэй биз дээ?

Тийм ээ. Арван жилд байхдаа л үздэг байсан. Оюутан байхдаа улам сайн хичээллэсэн. Тэгээд сая МИАТ-д орохоос өмнө дахиад нэлээд сайн бэлдсэн. Одоо дахиад л сургалтад суух бодол байна. Аливаа хэлийг төгс сурахын төлөө л өөрийгөө дайчлах хэрэгтэй.

-Өөр ямар нэг гадаад хэл сурах бодол байна уу?

Япон хэл миний сонирхлыг ихээр татаж байгаа. Тэмцээнд орохоосоо өмнө Япон хэлийг бага ч гэсэн үзэж судална.

-“Мисс Монголиа-2013” тэмцээний үеэр шүлэг уншижүзэгчдээс өндөр үнэлгээ авах шиг болсон?

Багаасаа шүлэг зохиодог байсан. Тэмцээн дээр уг нь шүлэг зохиож уншъя гэж бодоогүй. Гэтэл хүмүүст шүлэг уншиж байгаа юм шиг сонсогдсон гэсэн. Ээж, эмээ бүгд шүлгийн авьяастай. Нээрээ манай найз залуу бас шүлгэнд их дуртай. Манай хүн чинь яруу найрагч Чойном гуайн ач хүү шүү дээ. Танай сайтын уншигчдад л энэ нууцыг дэлгэчихлээ. Би үерхэж байхдаа сүүлд мэдсэн л дээ. Манай хүн өвөөгөөрөө маш их бахархдаг.

-Хайр дурлалын хамгийн чухал зүйл нь?

Итгэлцэл, ойлголцол, хүндлэл. Өглөө босоод найз бүсгүйнхээ будаггүй царайг хараад улам хайр нь хүрч байвал тэр хайр мөн гэж ярьдаг юм билээ.

-Ээмэг зүүлт, гоёл чимэглэл ихтэй биз дээ?

Байгаа. Ер нь уншигч бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд гоёл чимэглэл зүүвэл зүүсэн шиг зүүх хэрэгтэй. Хоёрын хооронд зүүх дэмий. Өмсөж байгаа хувцсандаа тохируулна гээд асуудал бас их бий. Миний хувьд ягаан усан болорт дуртай.

-“Мисс Монголиа-2013”-д оролцоод сайн найзтай болов уу?

Мэдээж тэгэлгүй яахав. Олон найз нөхөдтэй болсон. Тэр дундаа би фото модель шагналын эзэн болсон Батцэцэг гэж охинтой дөрвөн жил найзалж байна. Бид хоёр ёстой л хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг хоёр доо.

-Японд болох тэмцээндээ амжилттай оролцоод ирнэ гэж итгэж байна.

Тэгнээ. Намайг үргэлж хайрладаг, дэмждэг хүмүүстээ баярлалаа. Энэ их итгэлийг чинь алдахгүй. Ээж, эмээ, найз залуу, багш, найзууддаа, гэр бүлийнхэндээ бүгдэд нь хайртай шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ