Эмч нарыг дэмжин, энэ салбарыг эмчильеье
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар хаа хамаагүй “Ачтан элит” эмнэлгийн эмч асан Ц.Энхбаяр гэдэг хатагтай очсон нь энэ эмнэлгийн ажлыг богинохон хугацаанд булшилж орхив. Монгол Улсын гавьяат эмч Л.Жамбалжав гэх түр даргатай байсан газрыг бүр даргагүй болгочихов. Удирдлагагүй цэргүүд яадаг билээ. Яг түүн шиг эмх замбараагүй байдал газар авчээ. Энэхүү бусармаг байдал ЭМ-ийн сайд Н.Удвалын болчимгүй явдлаас үүдэлтэй нь ч тодорхой боллоо.
Хэвийн ажиллаж асан газрын удирдлагаар оролдохдоо хууль, дүрмийг уландаа гишгэсэн нь ийн нөлөөлөв. Улсын “А” зэрэглэлийн эмнэлгийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар шийднэ гэснээс биш, улс төрийн өнцгөөс хар гээгүй билээ. Тэрхүү сонгон шалгаруулалтад ороогүй, орсон ч тэнцээгүй хүмүүсийг удаа дараа зүтгүүлж, бантан хутгаж суугаа нь ялзарсан улс төрөөс гарцаагүй гэхэд хилсдэхгүй. Бараг 600 гаруй ажилтантай байгууллагыг аваад явчих бядтай аавын хүү, ээжийн охин эл эмнэлэгт байхгүй гэвэл түүн шиг худлаа нь үгүй биз.
Яахаараа удирдлагыг дандаа гаднаас хайж, чирэгдэл, бэрхшээл учруулна вэ. Дотроос нь шийдчихэж болмоор доо. Хэдэн эмчийн нэр дэвшүүлээд л тэр сонгон шалгаруулалтад нь оруулчихна биз. Эмнэлгээ мэддэг хүн удирдвал элдэв асуудал гарахгүй харин ч амар баймаар. Н.Удвал ахайтан заавал өөрийн хүнийг тавих гээд муйхарлаад байгаа нь илт биш үү. Ц.Энхбаяр гэдэг эмч Монголын эрүүл мэндийн салбарт товойж, тодорсон зүйл сэдэж, хийснийг санахгүй л юм байна.
Аргаа барсан эмч нар ажлаасаа халагдах өргөдлөө өгч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 150 эмч өргөдөл гаргасан нь энд нэг л болохгүй “юм” буйг илтгэнэм бус уу. Түүнээс биш эмч нар нэг л өдөр үй олноороо халагдах хүсэлт гаргана гэж байхгүй л дээ. Эмч нар тэмцэж болно. Ямарч байдлаар эсэргүүцлээ илэрхийлэхийг үгүйсгэхгүй. Тангараг өргөснөөр нь дарамлах эрх хэнд ч байхгүй. Харин өвчтнүүдийн эмчилгээ, амь насыг л гаргуунд гаргаж болохгүй.
Үүнийг сайтар зохион байгуулаад, бусдаар тэмцлээ үргэлжлүүлэхэд болохгүй гэх газаргүй. Эмч нарыг дэмжиж байгаад энэ салбарыг нэг мөсөн эмчилж авахгүй бол ужгирсан эмгэг улам газар авах вий. Тэгэх тусмаа л иргэдэд халтай болох нь ойлгомжтой. Ганц гэмтэл ч биш бусад том эмнэлгүүдийг ч ийм эмгэнэлт байдал хүлээн буй.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ