Авлига авсан цагдаа нарыг өнөөдөр үргэлжлүүлэн шүүнэ

Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд шүүн хэлэлцсэн ч хэдий ч дуусаагүй байна. Тиймээс өнөөдөр үргэлжлүүлэн шүүхээр болжээ. Хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун нар оролцож байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар буруутган шүүж байгаа юм. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болсон ч нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр ийнхүү мөрдөн байцаалтад буцаад байсан билээ. Хэргийг сануулбал, У.Раднаабазар нар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг. Тухайн үед самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж. Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан байдаг.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ