"Энхтуяа эмч бид хоёр харилцан ойлголцож эвлэрсэн"

Сүүлийн үед зарим сайтуудаар СЭМҮТ-ийн захирал асан, хүний гавьяат эмч Л.Эрдэнэбаярийн нэр төрд халдаж ташаа мэдээлэл цацах болсонтой холбогдуулан тайлбар өгөхөөр өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм. Энэ үеэр Л.Эрдэнэбаяртай уулзаж ярилцлаа.

-Таныг СЭМҮТ-ийн захирал байхдаа эмчээ зодсон, эрүүл мэндийн сайд Удвал очсон байсан гээд зөндөө ярьсан. Яг юу болсон юм бэ?

-2013 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн сайд Удвалыг СЭМҮТ дээр ирэх үед Энхтуяа эмчийг зодсон гээд байгаа. Гэтэл энэ асуудлыг БЗД-ийн цагдаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол гарсан. Манай байгууллагын эвлэрүүлэн зуучлах комисс ажилласан. Энхтуяа эмч бид хоёр харилцан ойлголцож эвлэрсэн. СЭМҮТ-ийн ёс зүйн хорооноос Энхтуяа эмч бид хоёрыг ажил төрлөөс болж маргалдсаныг ганц нэгхэн хүн ашиглаж энэ хоёр хүний нэр төрд халдсан тухай мэдэгдэл 2013 оны хоёрдугаар сарын нэгний өдөр Үндэсний шуудан сонинд гаргасан.

-Таныг бас хүүхдээ төрүүлээд буцаад ажилдаа орох гэсэн асрагчаас мөнгө нэхдэг гэж ярьж байсан?

-Хүүхэд төрүүлсэн асрагч мөнгө төлж ажилд ордог гэж Zindaa.mn сайт дээр гүтгэсэн. Намайг захирлаар ажиллах үед Дуламжав, Бахытгүл, Отгонтуяа гэдэг гурван асрагч хүүхэд төрүүлээд ажилдаа орсон. Өнөөдөр хоёр нь ээлжинд, нэг нь өвчтэй байгаа учир энд ирж чадсангүй. Гурвуулаа мөнгө төлөөгүй гэдгээ өөрсдөө нотолж нэрээ, гарын үсэгтэйгээ, утсаа өгсөн. Та бүхэн холбогдож болно.

-Та одоо юу хийж байна вэ?

-Би одоо СЭМҮТ-ийн аддиктологийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Зөвлөхөөр ажиллаж 1,6 сая төгрөгийн цалин авдаг гэж бас гүтгэж байгаа. Хүний гавьяат эмч, эрдмийн зэрэг цол, туршлагыг үндэслээд 800,000 төгрөгийн цалин тогтоосон. ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтний хувьд салбарын хэмжээнд хариуцсан ажлаа хийж байгаа. Саяхан Хууль зүйн яаман дээр зохион байгуулсан “Архидан согтуурлыг хянах төрийн бодлого” хэлэлцүүлэгт орж ажилласан. Хууль зүйн дэд сайд, Эрүүл мэндийн дэд сайд нар оролцсон. Архидалт, мансуурлын эсрэг асуудлыг зохион байгуулах, стратегийн санал боловсруулж олон нийтэд хүргэсэн. Гараа хумхиад гэрт суух цаг одоо биш. Надад хийх юм их байна.

-Таныг ах дүү нараа татаж ажиллуулдаг байсан гэсэн. Энэ үнэн юм уу?

-Миний хоёр дүү ажилладаг нь үнэн. Гэхдээ тэд бол дээд мэргэжлийн хүмүүс. Нэг нь сая ажлаасаа гарсан байх. Нөгөө нь одоо ажиллаж байгаа.

-Бас 17 хүнийг ажилд оруулаад түс бүрээс нь 1,8 сая төгрөг авсан гэх яриа байгаа. Энэ талаар?

-Нэгдүгээр сарын 14-нд 17 хүн ажилд оруулаад тус бүрээс нь 1,8 сая төгрөг авсан гэх юм. Би ажлаасаа нэгдүгээр сарын 8-н гэхэд чөлөөлөгдсөн. Гэхдээ би сахарын өвчтэй учир түр чөлөө хүссэн өргөдлөө сайдад өгсөн байсан. Тэр өдөр Эрүүл мэндийн сайдын тушаал гарч бүх эмнэлэгийн дарга нарыг чөлөөлсөн. Нэгдүгээр сарын 9-ний өдөр би тамга тэмдэг, техник хэрэгслээ албан ёсоор хүлээлгээд өгчихсөн. Гэтэл би 7 хоногийн дараа 14-нд яахлаараа хүн ажилд оруулаад тамгаа бариад сууж байдаг билээ. Ингэж гүтгээд хэрэггүй байх аа. Үүрэг гүйцэтгэгч Насанцэнгэл даргаас та нар нэгдүгээр сарын 14-нд 17 хүн шинээр авсан юм уу гэдгийг тодруулсан. 17 битгий хэл нэг ч хүн ажилд аваагүй болохоо албан ёсоор тодорхойлсон.

-Клиникийн профессорын үнэмлэхийг 500 мянгаар үнэлдэг гэх ярианд хариулт өгөөч?

-30 гаруй эмчид сургалт явуулж диплом олгосон. Клиникийн профессорын үнэмлэхийг 500 мянгаар үнэлдэг гэж гүтгэжээ. Үндэсний хэмжээнд тусламж үзүүлдэг тусгай мэргэжлийн төвүүд эмчилгээ үйлчилгээнээс гадна сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулах үүрэгтэй байдаг юм. Хамгийн сүүлд гарсан Эрүүл мэндийн сайдын 375 тоот тушаалын 1.2.1 дээр ч байгаа. Мөн 2012 оны 408 тоот тушаалын дагуу мэргэжлийн салбар зөвлөл нь эмч нарын зэрэг олгох ажлын зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Мөнгөөр үнэлээд худалддаг юм биш. 2009 онд Сэтгэцийн эрүүл мэндийн албыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 14 хүнд клиникийн профессор цол өгсөн. Би дангаараа мэдээд өгдөг ч юм биш. Эрдмийн зөвлөлийн гишүүн Бямбасүрэн багш нарын дөрвөн хүн гарыг үсэг зурсан. Клиникийн профессор цол авсан 14 хүний гарын үсэг, утасны дугаар энд байна. Тэд мөнгө төлж аваагүй, тэдний олон жилийн хөдөлмөр, хөлс хүчийг үнэлсэн юм шүү. Эдгэээр ташаа мэдээлэлд тайлбар өгөөч ээ гэж хот, хөдөөгийн олон эмч, шавь нар, эмчлүүлж байсан хүмүүс над дуу утсаар байнга ярьж байна. Албан тушаалын төлөө нэг нэгийгээ ингэж гүтгэх хэрэг байна уу.

Б.Бурам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ