Н.Төгсбаяр: Н.Номтойбаяр цагдаад хандаж болно, гэм буруутайг шүүх тогтооно


Хүйтэн мэсний хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр өмгөөлөгчийн хамт хэвлэлийн хурал хийх зар тараагаад байгаа билээ. Тэрээр хүн хутгалсан гэх асуудлыг эрс эсэргүүцсээр байгаа бөгөөд өөрийн хүсэлтээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шалгуулах хүсэлтээ гаргажээ. Тэрээр өөрийн твиттер хуудсаар дамжуулан “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр намайг гэмт хэрэг үйлдсэн мэт гүтгэлгийн чанартай мэдээллүүд нийтлэгдэх боллоо. Иймд УИХ-ын ёс зүйн хорооны дүрмийн дагуу өөрийн зүгээс сайн дураараа дээр дурьдсан мэдээллүүдийн дагуу шалгуулах хүсэлтэй байна” гэв.
Нөгөөтэйгүүр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрэмд тодорхой нэг гишүүний асуудлыг хууль хяналтын байгууллага авч хэлэлцэж байгаа үед дэд хороо давхардаж хэлэлцэхгүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл дүрмээрээ хуулийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс дүгнэлт хийж оролцох нь хориотой учраас дэд хороо давхар авч хэлэлцдэггүй байна. Харин Ёс зүйн дэд хорооны шинэчилсэн дүрмээр тухайн гишүүний асуудлыг зайлшгүй авч хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл дэд хорооны гишүүдийн санал гаргаж авч хэлэлцэх боломжтой гэдгийг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг хэлж байгаа юм.
Ямартаа ч ЦЕГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эргүүлээд цагдаагийн байгууллагад хандсан байна. Өөрөөр хэлбэл хэрэг явдал үүссэн тухайн үед Центр Пойнтын гэх Нямдорж Номтойбаяр гишүүн рүү хутга барьж дайрсан гэх мэдээллийг гишүүн өөрөө өгч байсан. Улмаар УИХ-ын гишүүний амь биед халдахыг завдсан гэх үндэслэлээр Н.Номтойбаяр гишүүн цагдаагийн байгууллагад ханджээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн байцаагч Н.Төгсбаяраас тодруулахад, “Н.Номтойбаяр гишүүн цагдаагийн байгууллагад хандсан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь бол цагдаагийн байгууллагад хандаж болно. Тухайн хүний асуудал. Хэн ч өөрийгөө юу ч гэж өмгөөлж болно. Тэр бол хувь хүний эрхийн асуудал. Хийсэн байсан ч хийгээгүй гэж хэлж болно. Тэр бол асуудалгүй. Харин Цагдаагийн байгууллагын гол үүрэг бол хэн нь үнэн ярьж байна, хэн нь худал ярьж байна вэ гэдгийг олж тогтоох үүрэгтэй. Улмаар гэм буруутайг шүүх тогтооно” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ