“Хоёр Засаг”-т гадуурхагдсан асрамжийн газар


“Хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэнд ба хүний эрх” сургалт “Бишрэлт” зочид буудалд өнөөдөр болов. Хүний эрхийн үндэсний комиссоос сургалт зохиосон бөгөөд хэдийгээр ардчилсан улсад энэ асуудал дээдлэгддэг ч, зарим талаар үл хэрэгждэгийг жишээ, баримтаар өгүүлэв. Олны анхаарал татсан нэгэн үйл явдал олон жилийн өмнө болжээ. ХЭҮК-оос СЭМҮТ/Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв/-ийг шалгасан байна. Цөөнгүй дутагдал илэрчээ. Хамгийн том гажуудал нь эл байгууллага эмнэлэг атлаа асрамжийн газар болон хувирсан байж. Зарим архаг өвчтөн тэнд бүр байрладаг болсон байна.
Өдрийн гурван хоол, эмчилгээ гээд юу эс мундах вэ. Энгийн өвчтнүүдэд өгөх хоол, эм тариа хомсдоно биз дээ. Ингээд нэгээс нь болоод нөгөөгийнх нь эрх зөрчигдөх нь тэр. Эндхийн эмч, ажилчид гэж хэцүү байдалд орсон хүмүүс байж. Хүнд нөхцөлд ажилладаг, үргэлжийн дарамтад байдаг, ажиллах орчин муу, нэг газар тогтдоггүй, халагдах, солигдох нь их гээд юм юм л байсан гэх. Аль алийг нь авч үзээд, гэр орных нь тоодоггүй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах саналыг ХЭҮК-ын мэргэжилтнүүд тухайн үеийн/2011 он/ УИХ-д оруулжээ. Эрхэм гишүүд танилцаад овоо нааштай хандсаныг хэлэх хэрэгтэй. Тэр талаар тогтоол гаргаад, бүр улсын төсөвт ч суулгаад өгчихжээ. Тэр нь харин ирэх онд нь замрахгүй юу. Нөгөө Засгийн газар шинэ Засгийн газарт байраа тавьж өгснөөр ёстой л “будаа” боллоо гэсэн үг. Бараг шийдэгдчихээд байсан асрамжийн газар одоо бүр ор мөргүй болжээ. Асуухаар хэн, хэн рүүгээ чихээд ам тагладгийг мэргэжилтэн ярив. Ардчилсан Монголд хүний эрх ийм л хэмжээнд байдаг юм байна. Хүнээ эрүүл, согогоор нь ялгаварлан гадуурхдаг үзэгдэл ч нөлөөлсөн гэх. Ямар ч байсан “Хоёр Засаг”-ийн хооронд хавчуулагдсан асрамжийн нэгэн газрын сураг л байх болж.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ