Авлига авсан цагдаа нарыг яллалаа

Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийн шүүх хурал хоёр өдрийн турш хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, таван жил нэг хоног, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нарт мөн л тус бүрт нь 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, гурван жил таван сар, Т.Ууганбаярт гурван жил таван сарын ял оноож, мөн 100 мянган төгрөгөөр торгох ял ногдууллаа. Харин эл хэрэгт шүүгдсэн ганц эмэгтэй буюу Ж.Оюунчимэгт таван жил нэг сарын ял оноож, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа. Түүнчлэн анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх бөгөөд бүгдийг нь жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлсэн байна. Хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун нар оролцож, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар буруутган яллалаа. Хэргийг сануулбал, У.Раднаабазар нар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг. Тухайн үед самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж. Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан байдаг.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ