Тендер ба дүрэмт хувцас

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өндөр байна, загвар хийц, материалын чанар зэрэг асуудал дээр маргах зүйлгүй хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдрийн байдлаар эхнээсээ тараа таниулж эхэллээ. Гуравхан хоног өмссөн дүрэмт хувцас “бөөстөж”, оёдлоороо ханзарч эхэлсэн байна. Үүнээс гадна ганц л угаахад будаг гараад байна хэмээн эцэг эхчүүд гомдоллож байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд удаан ярьж, бичлээ.
Шинэ хичээлийн жил эхлээд нэг сар боллоо. Сурагчдын дүрэмт хувцас үнэхээр чанарын шаардлага хангахгүй байгаа эсэх талаар сурвалжлахаар ерөнхий боловсролын дөрөвдүгээр дунд сургуулийг зорилоо. Энэ сургуулийн бага ангийн сурагчид энэ хувцасыг авч өмссөн байв. Гаднаас ньхарахад цэвэрхэн, ямар нэгэн “бөөстсөн” хувцастай хүүхэд харагдсангүй. Тус сургуулийн захиралтай уулзаж энэ хувцасны чанар яригдаад байгаа шигээ чанарын шаардлага хангахгүй байгаа нь үнэн үү хэмээн асуухад “Үнэн шүү дээ, тодорхой мэдээллийг ангийн багш нараас нь асуу” гэсэн юм. Ингээд тус сургуулийн нэгдүгээр ангийн багш Д.Отгонцэцэгээс цөөн зүйл тодрууллаа.
-Хувцасны чанар ямархуу байна вэ, хүүхдүүд өмсөөд бүтэн сар болчихлоо?
-Одоохондоо гайгүй л байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж бичээд байгаа шиг тэгж ханзарч, задарч, бөөстөх нь зүгээр. Харин хог шороо их татдаг материалаар хийсэн юм шиг байна билээ.
-Огт бөөстөхгүй байна гэж үү?
-Дүрэмт хувцасны гадуур өмсдөг хар цамц нь бөөстөх магадлалтай юм билээ. Манай ангийн хоёр гурван хүүхэд тэр цамцыг нь авсан. Бусад нь аваагүй.
-Эцэг эхчүүдээс хувцасны талаар ямар нэг гомдол ирсэн үү?
-Эцэг эхчүүд чанар гэхээсээ илүү үнийн асуудал дээр их гомдол гаргаж байсан. Хоёр гурван хүүхэд нь хичээлд явдаг эцэг эхчүүдэд их хүнд тусч байгаа юм шиг байна билээ. Гурваас дээш хүүхэд сургуульд сурдаг бол хөнгөлөлттэй үнээр өгнө гэж ярьж байсан. Тэр нь ажил хэрэг болж байгаа эсэхийг мэдэхгүй юм.
-Загварын хувьд эцэг эх, хүүхдүүдэд таалагдаж байгаа болов уу?
-Яг үнэнийг хэлэхэд хувцасны загвар онц сайн биш. Охидын хувцасны хувьд цээжин хэсгээрээ хэтэрхий бариу мөртлөө бэлхүүс хавиараа хэтэрхий уужим, том байна гэж байсан.
-Танай ангийнхан бүгд хувцасаа авчихсан уу?
-Нэгдүгээр анийн хүүхдүүд болохоор бүгд авчихсан.
-Хувцасны үнэ яг хэд байгаа юм?
-Эрэгтэй нь 75000, эмэгтэй нь 53000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан.
Ийнхүү хавсарга тавьсан хавраас эхлээд халуун намар хүртэл сурагчийн дүрэмт хувцасны дуулиан тасарсангүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж сурагчийн дүрэмт хувцсыг Монголдоо үйлдвэрлүүлэх шийдвэр гаргасан Засгийн газар сайнаас илүү саар шүүмжлэлээр балбуулсаар.
Боловсрол, шинжлэх ухааны яамныхны монгол хонины ноосны хольцтой, манай цаг агаарт тохирсон, харшил үүсгэхгүй, эрүүл мэндэд хоргүй, агаар нэвтрүүлнэ, цахилгаанжихгүй, бөөгнөрөхгүй давуу талтай хэмээн амаа олохгүй магтаж байсан хувцасны чанар ямартаа ч бодит байдал дээрээ тийм ч сайнгүй байгааг харлаа.
Тендер зарлалгүй шударга бусаар үйлдвэрлэгч компаниудыг сонгосон гэх яриа ч нэлээд яригдсан. Энд Үйлдвэр хөдөө аж ахуйн төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг их оролцоотой байсан гэх юм билээ. Түүнийг үйлдвэрлэгчидтэй хуйвалдсан байж магадгүй гэж хардах хүн ч байгаа юм. Түүний энэ хуваарилалт хөдөөгийн оёдолчдод таалагдаагүй.
Учир нь баруун гурван аймгийг сурагчийн дүрэмт хувцсаар хангах эрхийг Эрдэнэтийн ГОК-ын харьяа “Эрд сүлж” гэж компани авсан гэнэ. Хөдөөгийн оёдолчдод ямар ч боломж олгохгүйгээр бизнесийн бялуу аль хэдийнэ дуусчихсан.
Хүүхдүүдээ бусдаас дутаахгүй гэж буруу харж уйлан зөв харж инээн байж үйлдвэрлэсэн хувцасыг нь худалдаж авсан. Үнэ дагаж чанар гэдэг зах зээлийн зарчим үйлчилсэнгүй. Уг нь бол сурагчийн дүрэмт хувцас дор хаяж гурван жилийн эдэлгээ даадаг бас боломжийн үнэтэй байх ёстой. Үүнийг үйлдвэрлэгчид харсангүй. Хэрэглээ бус хэт чамин тансаг талаас нь харсны гор гарч байна.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ