Яруу найрагч Ц.Хулан агсамнаж, Н.Лхамноржмаа эмнэлэгт хүргэгджээ


Монголын их утга зохиолынхон хэдийнээс л түнжин муутай. Ямар сайндаа ичих булчирхайн дутмагшилтай энэ “нялхас” эрүүл, согтуу агсам тавьж, шагнал нэхэн удирдлагаа дарамталдаг болсон юм билээ гэж нэгэн ахмад зохиолч дуун алдаж байх вэ. Уг нь их утга зохиол гэдэг хүнийг хүн болгодог ухаан гэдэгсэн. Саяхан Монголын зохиолчдын эвлэлийнхэн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаа сонгосон. ССАЖЯ-наас хангалттай санхүүжилт авсан гэх атал өдрийн турш ганц хоолтой, шөнө дөл болтол “Sky tower”-т хоёр өдрийн турш хуралдан хөгшчүүдээ ядраасан байдаг.
Шинэ даргын сонгуулиас Л.Дашням, Төрийн шагналт Д.Төрбөт, Ү.Хүрэлбаатар, “Болор цом”-ын шагналт, яруу найрагч Ж.Мөнхбат, СГЗ Г.Мэнд-Ооёо нар нэрээ татаж, шүүмжлэгч П.Батхуяг, яруу найрагч зохиолч, шүүмжлэгч Ц.Буянзаяа, "Болор цом"-ын хошой шагналт, яруу найрагч Ц.Хулан нар тунаж үлдсэн. ТУЗ-ийн шинэ дарга сонгох санал хураалтад 200 гаруй зохиолч, яруу найрагч оролцсон бөгөөд Ц.Буянзаяа Г.Мөнхцэцэгт дахин боломж олгосон.
Энэ суудлын төлөө зохиолчдын дунд чамгүй “тэмцэл” өрнөсөн байна. “Унасан бөх ууртай” гэдэг. “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч Ц.Хулан энэ суудалд маш их ач холбогдол өгчээ. Санаснаар нь болоогүй болоод ч тэр үү, тэрээр өвдөг шороодсон бухимдлаа найрагч нөхөддөө гаргаж тайлсан байна. Тэрээр саяхан Д.Пүрэвдорж агсанд зориулсан хүндэтгэлийн цэнгүүн дээр найрагч нөхөддөө агсамнаж, элдвээр хэлж доромжлон харааж зүхсэнийг эх сурвалж мэдээллээ.
Зохиолчдод орон сууц барих, зохиолчдын эвлэлийн шагналуудыг дагуулан мөнгөн урамшуулал олгох, Монгол уран зохиолоо гадаад хэл рүү хөрвүүлэх орчуулгын хэсэг байгуулах тухай амлалтууд мөрийн хөтөлбөртөө тусгаад байхад намайг дэмжсэнгүй хэмээн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, Ш.Лхамноржмоо нараас эхлээд найрагч нөхдөө үгийн муухайгаар баалж, доромжилж харааж ерөөсөн байна. Харамсалтай нь түүний энэ эрээ цээргүй, увайгүй авирлал найрагч бүсгүйчүүдэд хүндхэн цохилт болжээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтсэн яруу найрагч Ш.Лхамноржмаагийн биеийн байдал тийм ч сайнгүй байгаа аж.
“Чиний шавь нар хор найруулаад намайг унагачихлаа...”
Найрагч Ц.Хулан одоо хэр нь ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, хавьтсан ойртсон зохиолчдоо “Намайг дэмжсэнгүй” хэмээн байнга л элдвээр дайрч доромжилж байгаа аж. Тэр ч байтугай зохиолчдын хуралд оролцоогүй, гэртээ сууж байсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн рүү утас цохиж “Чиний шавь нар хор найруулаад намайг унагачихлаа, чи ард нь зохион байгуулсан уу” хэмээн баахан аашилж загнасан гэж эх сурвалж мэдээллээ. Өмнө нь Хүүхэлдэйн театрын дарга болох гэж хөөрхийг бас л чамгүй доромжилсон ч найрагч өвгөн “Юундаа гомдох вэ дээ. Эрхийн балай юм чинь” гэж билээ.
Тэр байтугай Ц.Хулан МҮОНТВ-ийн сэтгүүлчдийг зохиолчдын эвлэлийн тухай мэдээ явууллаа гэж элдвээр дайрч доромжилсон байна. Энэ мэтээр түүнд элдвээр хэлүүлсэн хүмүүсийн нэрсийг жагсаавал уртаас урт жагсаалт хөврөх аж. Ц.Хулангийн бүдүүлэг авирласныг харсан, сонссон бүхэн “Амь биш, заяа биш. Ялагдлаа гээд хүн ёсоо уландаа гишгэж, дураараа авирлах хэрэгтэй гэж үү. Ц.Хулан үнэхээр хэтэрч байна” хэмээн толгой сэгсэрч, хэлэх үгээ олохгүй байна. Мөн зохиолчдын хурал дуусаагүй, гадаад дотоодын төлөөлөгчид нь явж амжаагүй шахам байхад АТГ-аас зохиолчдын их хурлын зардлын мөнгийг шалгах болсныг Ц.Хулан зохион байгуулсан гэж хардаж буйгаа тэд нуухгүй байна.
Ер нь ганц энэ удаа ч биш. Эрх танхи, хэнээс ч эмээдэггүй зангаа хүссэн цагтаа л гаргадаг нь түүний гэм биш зан гэхэд хилсдэхгүй. Тэртээ 2007 оны “Болор цом” наадмын нэгийн даваанд өвдөг шороодож халамцаад, шүүгчдийг “Шүлэг ойлгохгүй байснаас үхсэн нь дээр” хэмээн ил тод “харааж” байсан удаатай. Тэдгээр “хараалгасан” шүүгчдийн дунд аавынх нь дотно анд, Ардын уран зохиолч “буурал” П.Бадарч хүртэл байсан гэж бодохоор гуниг төрөх. Түүнд утга зохиолынхноос олон хүн гомджээ. Гэвч Монголын яруу найргийн галыг манасан цөөн бүсгүйчүүдийн сор болж яваа түүнийг нөхдөө энэнээс илүүгээр элдэвлэхгүй байгаасай гэж олон хүн залбирч сууна.
Э.Энх-Эрдэнэ
medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ