С.Оюун: Сэтгэл шимширч байна

Өнөөдөр аравдугаар сарын 2-ны өдөр. Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсан бурхны оронд залраад даруй 15 жил өнгөрчээ. Тиймээс төрийн өндөрлөгүүд болон хамтран зүтгэж байсан журмын нөхөд, ар гэрийнхэн нь С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр С.Зориг агсаны дүү УИХ-ын гишүүн С.Оюунаас хэдэн зүйл тодрууллаа.
-С.Зориг агсны хэрэг илрэхгүй 15 жил болчихлоо?
-Энэ хэрэг илрэхгүй 15 жил болж байгаад үнэхээр сэтгэл шимширч, харамсаж байна. Ямар ч байсан хариуцаж байгаа хууль хяналтын байгууллагыхан үгээ хэлэх байх аа. Би үгээ хэлэх цаг нь болсон гэж хүсэлт тавьсан.
-Энэ хэрэг улам л анхаарлын төвөөс гараад байгаа юм биш үү?
-Анхаарлынхаа төвөөс гаргаж болохгүйгэж төрийн өндөрлөгүүдэд хүртэл уламжилсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хоёр жилийн өмнө нөхцөл байдлын талаар сонссон. Одоо дахиж ямар үр дүнд хүрэв гэдгийг сонсох хүсэлтийг ерөнхийлөгчид амаараа тавьсан.
-Хууль хяналтынхан энэ хэргийн шалгалтыг хэт их нууцалж байгааг юу гэж бодож байна?
-Хэргийг илрүүлэхэд сөрөг үр дагавар гарах вий гэсэн болгоомжлол байдаг юм шиг байна билээ. Мөрдөн байцаалтыннууц гээд тэр бүр мэдээлэл өгөхөөс татгалздаг ч гэсэн хууль хяналтынхан олон түмэнд хүргэх үг бас байх ёстой гэж бодож байна. Ажлын хэсэг ажиллаж байгаа юм уу, үгүй юм уу, ямар хэмжээнд энэ хэргийг шалгаж байгаа юм, хэн хэн хяналт тавьж байгаа юм гэдгийг ил тод байлгах ёстой.
-Энэ хэрэг илрэхгүй бол яах вэ?
-Ард түмэн маш олон жил энэ хэргийг илрээсэй гэж хүсч байгаа. Хоёрдугаарт энэ хэрэг илрэхгүй бол захиалгатай, улс төрийн сэдэлтэй хэргүүд илэрдэггүй юм байна гэсэн буруу сигнал нийгэмд өгөөд байна шүү дээ. Тиймээс энэ хэргийг зайлшгүй илрүүлэх ёстой. Хэргийг илрүүлэх ажлын хэсэг татан буугдаагүй, түдгэлзүүлээгүй гэдгийг хэлье.
Б.Бурмаа T.Бат-Орших
СЭТГЭГДЭЛ БИЧИХ