Татварын байцаагч эмэгтэйг цаазаар авахыг хүслээ

Татварын байцаагч эмэгтэйг өс хонзонгийн сэдлээр 75 удаа хутгалж хөнөөсөн Ц.Туяад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд эхэлсэн ч энэ сарын 11-ны 10.00 цаг хүртэл хойшиллоо.

Тодруулбал, шүүгдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч П.Одонтунгалаг эмнэлэгт хэвтэж байгаа тул ийнхүү хойшлуулсан юм.

Хуралд хохирогч Э-гийн ар гэрийнхэн болон Ц.Туяагийн гэмт хэрэг хийх шалтгаан болсон Д.Батболд, шүүгдэгч Ц.Туяа нар хүрэлцэн ирэв. Хурлыг хойшлуулах шүүхийн шийдвэр гармагц хохирогч Э-гийн ээж Ц.Туяа руу цүнхээ чулуудаж, алуурчин хэмээн ориллоо. Тэрбээр “Миний охиныг хөнөөсөн алуурчинд цаазын ял өг. Энэ миний охины аминд хүрсэн байхад би өнөөдөр түүнийг алаад өгье.

Манай улс цаазын ялгүй орон. Гэтэл хүмүүс нь нэгнийгээ алаад явж байна. Хийсэн хэрэгт нь тааруулаад цаазын ял оноо. Яаж төрүүлсэн үрийн минь амийг хөнөөж чадав аа. Алуурчин” хэмээн уйлж байв. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хүний нэр төрийн асуудал хэмээн дараагийн хурлыг хаалттай явуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан юм.

Одоогоор Ц.Туяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 гэсэн зүйл ангиар хэрэг үүсгээд байгаа. Тус зүйл ангид өс хонзонгийн сэдлээр хүнийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн заасан байдаг. Тиймээс түүнд хуулийн дагуу 25 жилийн ял эсхүл цаазын ял оноох заалттай. Гэвч манай улс эмэгтэй хүнд цаазын ял оноодоггүй учраас 25 жилийн ял оноохоор төлөвлөж байгаа аж.

Хэргийг сануулбал, Өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Хэргийг түүнтэй хамт ажиллаж байсан 39 настай эмэгтэй Ц.Туяа гэгч үйлдсэн юм.

Тэрбээр гэр бүлийн маргаан, тодруулбал талийгаачаас эр нөхрөө харамлан хардаж, хувийн өс хонзонгоор талийгаач эмэгтэйг 75 удаа хутгалж хөнөөсөн аж. Тодруулбал, шүүгдэгч Ц.Туяа талийгаач Э-г хөнөөхөөр эртнээс төлөвлөсөн бөгөөд түүнийг гэрлүүгээ орохоор найман давхрын лефтнээс буухад нь ийнхүү хөнөөсөн.

Эмэгтэй 10 гаруй минут үхэлтэй тэмцэн орцонд орилсон боловч оршин суугчид сонсоогүй хэмээн мэдүүлж байв. Харин 23.00 цагийн үед найман давхрын оршин суугчид дуудлага өгснөөр цагдаагийн алба хаагчид ирж, хүний амины хэргийг илрүүлсэн билээ.

Ц.Туяа яагаад хүний аминд хүрэх болов

Ц.Туяа Татварын албанд 5-6 жил ажилласан байцаагч бөгөөд ээж нь хорт хавдраар нас барсан, их зовлон үзэж, амьдралд нухлуулсан хүн гэнэ. Тэрбээр эхнэр хүүхдээсээ салсан Д.Батболд гэх эртэй суугаад удаагүй байхад нь нөхөр нь хохирогч Э-тэй ороолцолдсон байна.

Д.Батболд нь сэжигтэн Т-д “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэж байжээ. Удалгүй талийгаач Э-тэй дотно харьцаатай болж, талийгаач Э-д ч “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэсэн байна.

Үүнийг нь мэдсэн Ц.Туяа хайртай баян амрагаа хамт ажилладаг залуухан бүсгүйдээ алдахыг хүсээгүйдээ ийнхүү аймшигт хэргийг үйлджээ.

Талийгаач Э нь “Татварын ерөнхий газрын жуух бичиг”-ээр шагнуулж байсан шилдэг залуу татварын улсын байцаагч байжээ.

1982 онд төрсөн тэрээр 2006 оноос татварын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн татварын байцаагчаар ажилд ороод удаагүй байсан аж.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ