Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч

Нэгийг нь шороонд булуулж, нөгөөг нь шоронд хатаах гэж байгаа Д.Батболдыг хараад энэ үгийг хэлмээр санагдав. Өндөр албан тушаал эрхэлдэг энэхүү эрхэм татварын байцаагч хоёр бүсгүйн дунд хайр сэтгэлийн холбоо үүсгэж, нэгэнтэй нь явалдаж, нөгөөтэй нь хамтран амьдарч байв.
Тэгэхдээ татварын байцаагч бүсгүйчүүдэд “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн яг адилхан машин бэлэглэж бэл бэлчингээ гайхуулсан ч юм шиг, тохуурхал ч гэмээр зүйл хийж.

Гэвч Д.Батболдтой хамтран амьдрагч Ц.Туяа түүнийг өөр эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэснийг тэвчихгүй татварын байцаагч эмэгтэй Э-г хүний санаанд багтамгүйгээр 75 удаа хутгалж хөнөөсөн юм. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагааг хоёр сарын турш явуулж, Ц.Туяад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд боллоо. Хуралд Ц.Туяагийн гэмт хэргийн шалтгаан болсон Д.Батболдыг гэрчээр дууджээ. Түүнийг сэжигтнээр дуудаж байцаах хуулийн заалт байхгүйг хохирогч Э-гийн өмгөөлөгч мэдэгдэж байв.Гэтэл Д.Батболд гэгч этгээд шүүх хуралд оролцохдоо санаа зовсон шинжгүй хээв нэг сууж харагдана.
Ц.Туяа хүнийг 75 удаа хутгалсан аймшигт хэргийг үйлдсэн ч нэгэн цагт хамт амьдарч байсан хайртай эмэгтэй нь. Амиа алдсан хохирогч Э ч түүний хайрлаж явсан эмэгтэй. Гэтэл нэгийг нь шороонд булж, нөгөөг нь шоронд явуулж байгаа Д.Батболд өнөөдөр санаа зовсон шинжгүй“Би ажлаа хийхгүй байгаа. Ямар нэг тайлбар өгөхгүй” хэмээн гавьяа байгуулсан шигээ гарч одсон юм. Гэтэл энэхүү хоёр эмэгтэйн дунд явалдсан Д.Батболд өнөөдөр гэм зэмгүй үлдэж, харин хоёр эмэгтэйн нэг нь хэрцгийгээр хөнөөгдсөн бол нөгөөх нь 25 жилийг шоронд өнгөрөөж мэдэхээр болоод байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ