Орон нутагт шатахуун бөөнөөр олгохоо больсон

ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэлтсийн зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболдоос ургац хураалтын явц ямар байгаа талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Ургац хураалт хэдэн хувьтай явж байна вэ?

-Урьдчилсан балансаар 432.4 мянган тонн үр тариа, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээл хураан авахаар тогтоогдсон байснаас одоогоор 164.3 мянган тонн үр тариа, 143.3 мянган тонн төмс, 75.8 мянган тонн хүнсний ногоо, 24.0 мянган тонн тэжээлийн ургамал,10.2 мянган тонн тосны ургамал хурааж аваад байна. Тэгэхээр ургац хураалт 40 гаруй хувьтай явж байна гэж хэлж болно. Энэ жил цаг агаараас шалтгаалан ангилан хадахгүй, шууд хураах технологийг хэрэглэж байна.

-Шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь ургац хураалтын явцад хүндрэл учруулах уу?

-Ургац хураалтын ажилд нийт 6.0 мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан. Шатахууны үнэ тогтворгүй байгаагаас ихээхэн хүндрэл учирч байна. Наймдугаар сарын 1-нийг хүртэл шатахууны бөөний үнэ 1620 төгрөг байсан. Гэтэл наймдугаар сарын 1-нээс хойш орон нутагт бөөнөөр шатахуун олгохоо больсон бөгөөд станцуудаар дамжуулан бага хэмжээгээр 1800-1850 төгрөгөөр олгож байна.Тариаланчдад зах зээлийн үнээс 100-150 төгрөгөөр илүү үнээр худалдан авч байгаа нь шатахууны хомсдолд орох нөхцөл бүрдүүлээд байна. Цаг агаар таатай байх хэдхэн хоногт эрчимтэй ажиллаж ургацаа хураан авах шаардлагатай байгаа. Тийм болохоор шатахуунаар тасалдуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна.

-Есдүгээр сарын сүүлчээр орсон нойтон цасанд тариа даруулсан уу?

-Есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгуудаар цаг агаар хүйтэрч, хур тундас, нойтон цас орж Сэлэнгэ, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн нийт 35.0 мянган га талбайн ургац өртсөн. Тиймээс эдгээр аймгуудад тариа их хэмжээгээр налсан, хугарсан. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун сайхан байх урьдчилсан мэдээ байна. Энэ өдрүүдэд тариа хураалтыг эрчимжүүлэх үүрэг орон нутагт хүргүүлсэн.

-Тэгэхээр 35,0 мянган га талбайн ургац хэрэгцээгүй болсон юм уу?

-Үгүй ээ бүгдийг нь хурааж авч болно. Энэ цас тариа хураалтыг удаашруулах, хаягдал их гаргахад хүргэж байгаа болохоос бүгдийг нь хурааж авах боломжгүй болсон гэсэн үг биш.

-Энэ жил тарьсан ногооныхоо 50 хувийг намар борлуулж, үлдсэнийг нь агуулахад хийх боломжтой гэж байсан. Борлуулалт ямар байна вэ?

-Хүн амын төвлөрөл Улаанбаатар хотод байгаа учраас төмс, хүнсний ногоог нийслэлд борлуулах ажлыг манай яамнаас зохион байгуулсан. Зургаан дүүргийн 28 цэгт төмс, хүнсний ногоо борлуулах цэг байгуулан есөн аймгийн 540 ногоочин наймдугаар сарын 1-нээс хойш 600 гаруй тонн төмс, хүнсний ногоо борлуулаад байна. “Алтан намар-2013” үзэсгэлэнд 15 аймаг, найман дүүргийн 168 ногоочны бүлэг, зургаан аж ахуйн нэгж, 20 хоршоо оролцож 350.8 төмс, 504.5 мянган тонн хүнсний ногоо борлуулсан. Үлдсэн ногоонуудыг багтаах зоорь байгаа.

-Ургац хураалтын ажилд цэрэг, оюутнуудыг оролцуулж байгаа юу?

-Тариаланчдаас ургац хураалтын ажилд туслах хүн хүчийг нэмэгдүүлэх хүсэлт манай яаманд жил бүр тавьдаг байсан. Тиймээс бид БХЯ, МОХ зэрэг байгуулгуудтай гэрээ хийн 2370 цэргийн албан хаагч, сонсогч, 1000 гаруй оюутанг ургац хураалтад гэрээгээр ажиллуулж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ