Хоёр хүн хөнөөсөн жолоочид 3,6 жилийн ял оноожээ

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Х.Ч нь Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт Тоёото Приус-20 маркийн автомашин жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний байдлын журам зөрчиж хоёр хүний амь нас хохироосон байна.
Энэ хэрэгт Говьсүмбэр аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг тус аймаг дахь Сум дундын шүүх хянан хэлэлцээд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55 .1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар Х.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 3,6 жил хорих ял эдлүүлэх, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын давж заалдсан гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Ц.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж, иргэн Т.Ө-ийн зүүн мөрөнд хутгалж, иргэн С.Х-ийн баруун шанаа орчим хутгаар зүссэн, иргэн Р.Б-ийн толгой орчим хутгатай гараар цохиж гэмтэл учруулсан, Н.У-ын өрөөсөн ээмэг, мөнгөн гинжийг дээрэмдсэн, түүний биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Ц.О нь өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан байна.
Энэ хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг тус аймаг дахь Сум дундын шүүх хянан хэлэлцээд “Ц.О-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хүчиндэхийг завдсан, дээрмийн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-д гурван сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэг жил хорих ялаар, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5,6 сар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5,6 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар оногдуулсан гурван сарын баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг багтаан биечлэн эдлэх ялыг 5,6 сарын хорих ялаар тогтоож, энэ шийтгэх тогтоолоор онгдуулсан 5,6 сарын хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн нэг жил гурван сар 3 хоногийн ялаас нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6,6 сарын хугацаагаар тогтоож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Төв аймгийн Жаргалант суманд оршин суух Т.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн С.Б-ийн цээжин тус газар нь хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Т.Б нь өмнө нь гурван удаа ял шийтгүүлж байжээ.
Энэ хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг тус аймаг дахь Сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд “Т.Б-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4-д зааснаар найман жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ