“Эко Констракшн”-ыг "ЭХО"-гоор харвал...

Манай улсад бүтээн байгуулалт өрнөж буй бүхий л салбарт ажиллах хүн хүчний дутмагшил бий болж улмаар хятад, солонгосчууд дүүрлээ хэмээн сүүлийн үед бичих болсон.

Монгол залуус биеийн амрыг харж, бичгийн ширээ бараадах болов уу, аль эсхүл үнэхээр бүтээн байгуулалтын нөр их ажилд гологдож байна уу хэмээх асуултад хариулт олохын тулд үндэсний бүтээн байгуулагч нэг компанийн тухайд сонгон онцоллоо.

“Эко Констракшн” ХХК бол 2002 оноос барилга угсралтын салбарт ажиллаж эхэлснээс хойш энэ салбартаа тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад өнгө нэмсээр иржээ.

Энэ компанийн хувьд гэхэд дээр дурдсан асуудалд эх оронч сэтгэлгээгээр хандсаар ирсэн нь сайшаалтай аж. Тухайлбал 800 гаруй ажилтан, ажиллагсадтай “Эко Констракшн” ХХК 2010 оны аравдугаар сараас эхлэн “1000 ажлын байр” аяныг зарлажээ. Энэ аяны хүрээнд 1000 монгол залуусыг барилгын салбарын олон нарийн мэргэжилд үнэ төлбөргүй сургаж, мэргэшүүлсний дараа ажлын байраар хангах юм.

Сургалт үнэ төлбөргүй, цалинтай, түр ажиллах өдрөө өөрөө сонгож болдог, хөдөө орон нутгаас ирсэн бол түр байрлах байранд байрлуулах боломжтой, эцэст нь мэргэжилтэй болохын далимд ажлын байраар хангагддаг олон давуу талтай ажээ.

Энэ аян өдгөө гурав дахь жилдээ үргэлжилсээр олон зуун ажил, мэргэжилгүй монгол залуусаа мэргэжилтэй, ажилтай болгож хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж байгаа нь энэ компанийн улс эх орныхоо хөгжил, ард түмнийхээ амьдралд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэж нэрлэхээс өөр аргагүй юм.

Барилгын салбарт ажиллаж буй бусад аж ахуйн нэгжүүд монгол залуусаа сургаж цаг хугацаа, хөрөнгө зарцуулахаас илүүтэй хямд хөлс бүхий ажиллах хүчин хятад болон хойд солонгосоос авахыг эрмэлздэг болсон нь нууц биш юм.

Байдал ийм үед өвөл зунгүй ажилладаг үндэсний бүтээн байгуулагч “Эко Констракшн” ХХК эх оронч сэтгэлгээг урдаа тавьж буй нь нэн сайшаалтай. Манай нийгэмд сүүлийн арваад жилийн турш хамгийн өндөр бүтээн байгуулалтыг өрнүүлж буй салбар нь яах аргагүй барилгынх тул энэ компанийн жишгээр бусад нь бас хандаж чадвал монголд ажиллах харийнхан цөөрч, ажилтай, мэргэжилтэй монгол залуус улам ихээр нэмэгдэх юм.

90 айлын орон сууц барих, 900 айлын орон сууц барих ажил асар зөрүүтэй. Тэр чинээгээрээ нэг айлд ус алдах, нөгөө айлд шавар ховхрох гэх мэтийн барилга угсралтын дараа үүсдэг жижиг асуудлууд ч барилгын салбарын их бүтээн байгуулалтын хувьд байдаг л зүйл. Засч залруулаад л явдаг.

Жижиг алдааг албаар томруулж харах хүсэл манай нийгэмд хааяа хааяа анзаарагддаг. Барилгын салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа “Эко Констракшн” руу дайрч довтлох нь ердийн үзэгдэл болсон нь харамсалтай. "Эко Констракшн”-ыг "эхо"-гоор харахад ийм л байна.

Ер нь монгол залуусаа дэмждэг үндэсний компаниа монгол хүмүүс бид өөрсдийн гараар ажил үйлсийг нь баллуурдан суух нь эгээ л тамын тогооны үлгэрээс огтхон ч ялгаагүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ