Хуучин засаг ноёны хуудуутай үйлдэл

Монгол Улс иргэн бүрт газар эзэмшүүлэх ажлыг эхлүүлээд 10 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд Нийслэлийн төв хэсэгт байршилтай, хүн зоны хөл ихтэй, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглавал эзэндээ ээлтэй гэх өнгөтэй өөдтэй газрууд бүгд л дууссан. Харин дүүргүүдийн захын хороололд зай талбай үлдээд байгаа.

Харин энэ их ажлыг урвуулан ашиглаж, халаасаа түнтийлгэж байгаа эрх мэдэлтнүүдийг цувааг дүүргийн газрын албаны дарга нь үргэлжлүүлдэг. 0,07 га газраа эзэмших гэсэн иргэд өргөдөл хүсэлтээ өгдөг боловч зарим нь өнөөдрийг хүртэл хүлээлтийн байдалтай байна. Гэтэл газрын албаны дарга нь дүүргийн Засаг даргатайгаа хамтран нэг газрыг хоёр иргэнд эзэмшүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийн 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжаар 757 иргэний хашааны газар эзэмших эрхийг баталгаажуулжээ. Гэтэл энэхүү 757-д Г.Базарсүрэн, Л.Тунгалаг гэсэн хоёр иргэний нэр давхацсан. Тэд өнөөдрийг хүртэл хэл амтайгаар хаяа дэрлэн амьдарч байна. Гэтэл засаг солигдож, дүүргийн Засаг дарга болон газрын албаны даргын хуудуутай үйлдлүүд илэрсэн байна. “Цайз 12а-354 тоот” газрыг эзэмшдэг гэрчилгээтэй энэхүү хоёр иргэний асуудал шүүхийн байгууллагад шилжиж, маргааш шүүх хурал нь болох гэж байна.

Шүүхийн байгууллагаас мэдээж аль нэгэн иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоно. Энэ бол хуулийн дагуу авч байгаа арга хэмжээ. Үүнээс өөр ямар ч зохицуулах болон бусад арга хэмжээ авах боломжгүй.

Ийнхүү нийт ард иргэдийн саналаар сонгогдон төрийн зөөлөн сэнтийд суусан даруйдаа иргэдийг хохироосон шийдвэр гаргаж байгаа эрхмүүдэд хариуцлага тооцох эрх бүхий байгууллага нь байна уу.

Газар эзэмшүүлэх жагсаалтад тодоос тод “Цайз 12а-354 тоот” газрыг хоёр иргэн эзэмших гэж байхад нүдэн балай чихэн дүлүй байдлаар хандсан газрын албаны дарга асан А.Энхманлай энэ асуудалд буруутай.

Анзааралгүйгээр өгсөн үү, аль эсвэл ашиг сонирхлын зөрчил агуулагдаж байна уу гэдгийг хуулийн байгууллага нь тогтооно. А.Энхманлайгийн хувьд засаг солигдсон учир ажлаа өгч, нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтэст Алхах мэргэжилтэн хийдэг. Хуулийг завхруулагчид ийнхүү төрийн албыг хашиж байгаад харамсч байна.

Хэрвээ энэ хоёр иргэний хэн нэгэн нь газар эзэмших гэрчилгээгээ хүчингүйд тооцуулвал Засаг дарга асан Б.Батзориг болон газрын албаны асан А.Энхманлай нараас хариуцлага нэхэх ёстой.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ