Томилгоогоо цуцлахгүй бол 250 эмч ажил хаяхаа мэдэгдлээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч, ажилтнууд Эрүүл мэндийн сайд Н.Удвал сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулаад байсан. Харин өнөөдөр энэ талаараа албан ёсны мэдээлэл хийлээ. Тэд "Ц.Энхбаярын томилгоог нэн даруй цуцлахгүй бол тэмцлийн хэлбэрээ эрчимжүүлнэ. Мөн ГССҮТ-ийн 250 гаруй ажилтан, албан хаагч бүгд өөрсдийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдөл өгнө" гэлээ. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн 80 гаруй ажилтан халагдах өргөдлөө бичсэн байна.
Харин тэдний эл үйлдлийг эсэргүүцсэн “Эрүүл мэнд, иргэний хяналт, шинжилгээний зөвлөл” ТББ-ынхан ГССҮТ-ийн ажил хаясан эмч нарт хариуцлага тооцох хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хүргүүлжээ. Гэвч ГССҮТ-ийн эмч нар хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл байхгүй аж. Учир нь тус эмнэлгийн эмч, ажилтнууд есдүгээр сарын 26-нд ажил хаялт зохион байгуулсан, энэ үеэр төлөвлөгөөт хагалгааг түр хойшлуулж, яаралтай мэс засал хийж байсан. Харин 27-ны өдөр өмнөх 26 болон 27-нд хийхээр төлөвлөсөн байсан 20 гаруй мэс заслыг хийсэн. Тиймээс ажлын хариуцлага алдсан зэргээр хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэж үзэж буйгаа мэдэгдлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ