“Сүнжидмаа”-г эмэгтэй хүнийг доромжилсон гэж үздэг байв

Ардын дууны сайхан бүсгүйчүүдийн нэрийг дурдвал олон. Тэдний дундаас Сүнжидмаа хэмээх хүрээний сайхан бүсгүйн нэрээр алдаршсан дуулалт жүжиг Үндэсний бүжгийн эрдмийн чуулгын урын санд бий. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Сүнжидмаа” дуулалт жүжгийг өнөөдрөөс эхлэн гурван удаа 19.00 цагаас ҮДБЭЧ-т тоглох гэж байна.

Энэхүү дуулалт жүжиг нь ҮДБЭЧ-ын урын санд буй дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан анхны томоохон бүтээлүүдийн нэг юм. Монгол ардын дууны домгоос сэдэвлэнбүтээсэн тухайн үеийн нийгмийн амьдрал ахуй, залуусын хоорондын хайр сэтгэл, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөнийг монгол ардын харилцаа дуугаар дамжуулан харуулсан уг бүтээл одоогоос 32 жилийн өмнө анх тайзнаа тавигдаж байжээ.

Тухайн үед дуулалт жүжигт гардаг үг хэлллэг, шүлэглэлээс болж энэ жүжгийг эмэгтэй хүнийг доромжилсон хэмээн хориглож байсан гэдэг.

Тус жүжгийн Сүнжидмаад- СТА,С.Цогтсайхан, СТА, Ц.Түмэнжаргал, Мянганд- СТА Б.Батмэнд, Г.Отгонзул, Наваанд- П.Баярмагнай, Э.Чинчулуун, Дэжидэд- Б.Батцэцэглэн, С.Жанегүль, Баднаанямбууд- СТА, Д.Оюунжаргал, нар тоглох аж.

Ё.Цэрэндолгор найруулагч энэхүү дуулалт жүжгийг анх тавьж байсан учраас үндсэн арга барилыг нь өөрчлөхгүйн тулд түүнийг дахин энэ жүжгээ найруулахыг урьжээ. Ардын домгоос сэдэвлэсэн “Сүнжидмаа” дуулалт жүжгийг сэргээн тоглоход ҮДБЭЧ-ын үндэсний их найрал хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна бүжиг, дууны ангийнхан, тайзны арын албаныхан гээд нийт 200 орчим хүний хүч хөдөлмөр шингэж байгаа юм.

Сүнжидмаагийн түүх

Хүрээний сайхан бүсгүй Сүнжидмаагийн тухай сонсож, гоо үзэсгэлэнг нь биширсэн баруун нутгийн залуу Мянган түүнд сэтгэлээ илчилж, эхнэрээ болгох гэж ирснээр жүжгийн үйл явдал эхэлдэг. Гэсэн ч сайхан бүсгүйг олох эрэл амар байсангүй. Арав гаруй хоног Хүрээний тоосонд даруулж, эрсээр арай л гэж түүнтэй уулзана. Гэсэн ч Сүнжидмаагийн ахын дүрийг эсгэн түүний гэрээр орж гардаг болсон Наваан муу санаа өвөрлөнө. Тэрбээр хэзээ нэгэн өдөр Сүнжидмааг эхнэрээ болгоно гэж боддог ч энэ далд санаагаа хэнд ч үл хэлнэ.

Сайхан биетэй, эрэмгий төрхтэй нэгэн залуу гэнэт гарч ирэн Сүнжидмаагийн сэтгэлийг булаахад Наваан хорон санаа өвөрлөн дүү Дэжиддээ “Энэ залуу ахаас нь чамайг гуйхаар ирсэн байна. Одоо Сүнжидмаа эгчтэй чинь уулзаж зөвшөөрөл гуйж байгаа” хэмээн худал хэлэн итгүүлдэг.

Жаахан Дэжид энэ тухай гадарласан ч үгүй айлд хонохоор явж байсан Мянганыг ирээдүйн нөхрөө болно гэж итгээд гэртээ хонуулдаг. Харин Наваан энэ хооронд зүгээр суусангүй. Сүнжидмаад хов хүргэн Мянганыг шилийн сайн эр хэмээн муулж, Дэжидийнд хонож байгаа тухай нь хэлдэг. Маргааш нь хосууд уулзахаар болзсон ч Навааны үгэнд итгэсэн Сүнжидмаа хайртай хүнээ гомдоож явуулдаг. Харин Мянганыг явсны дараа Дэжид бүх үнэнийг өгүүлснээр Наваан буруугаа хүлээж, Сүнжидмаа хайртай хүнээ алдсандаа харамсан ухаан алдан унадаг.

1980 онд жүжгийн үйл явдал ийн өрнөж байжээ. Харин энэ удаа шинэчлэн найруулахдаа Ё.Цэрэндолгор найруулагч хэрхэн өөрчилснийг өнөөдөрҮДБЭЧ-д зочлон үзээрэй. Дуулалт жүжгийг маргааш, нөгөөдөр бас тоглох юм.


Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ