Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй

Тэд дөнгөж нэгдүгээр ангиа төгсөөд ангидаа багтахаа болив. Атаманууд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрыг гадуурхсаны хариуд Г.Батхүү, Д.Зоригт нарыг хөөхөөр шийджээ. Цаг шал өөр болж, багийн дарга нар хүүхдийг сургуульд явуулах гэж хөөцөлддөг байсан түүх ард хоцров. Харин сурагчийн ширээнд суулгахын төлөө амь өрссөн тэмцэл өрнөсний шинэхэн түүх нь 2012-2016 оны хичээлийн жилд математикийн хуулиар нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн солигдохгүй гэсэн алтан теоремыг санагдуулж байна.
Сургуулийн эмч “Хэцүү ангийнхан”-д тавьсан онош батлагдахгүй, дөрвөн сурагчийн өвчин ханиадны улиралтай давхцаад үгдрэх шинжтэй. Орчин үед онош тодорхойгүй өвчин олширчээ.
МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшин олонхийн санал авсан ч УИХ-ын гишүүний тангараг өргөж чадаагүйН.Төмөрхүү, С.Чинзориг нарын гомдол тасраагүй байна. Тэд шат шатны шүүхэд бүдэрсэн ч эцсийн гомдлоо Үндсэн хуулийн цэцэд гаргаад буй.УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр иргэн Б.Жаргалсайхан, Б.Батдорж нараар дамжуулан Баянгол сумын 1, 2, 4 дүгээр багийн иргэдэд нэг шил “Чингис” архи болоод жаал зугаа юм тараачихсан нь шүүхээр тогтоогджээ. Нарийндаа МАН-ын Тусгаар тогтнолын ордныг барьж, шанд нь замын урд 16 давхар оффисын барилга бариад түрээсийн зар тавьчихсан Н.Төмөрхүүгээс гарзадсан мөнгө.
Өвөрхангайн тойрог угаасаа явдалтай. Ямар сайндаа спикер З.Энхболд бүрэн эрхийнх нь хугацаа талаасаа өнгөрч байсан УИД-д тангараг өргөж байхав. Тийм ч учраас муусайн МАН-ынханд аллергитэй гэж жигтэйхэн. Азгүй хоёрын оронд аз нь шовойсон Г.Батхүү, Д.Зоригт хоёр арай илүү мөнгөөр зодон орж ирлээ. Тангаргаа өргөж, сонгогчдынхоо төлөө шударгаар ажиллана гэх мэтээр хэлж байсан санагдана.
Ув улаан Увсын тойрогт Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр мөнгө тараасан нь өөртөө гай татсан. Түүний горыг амссан долоон залуу одоо шүүхээс ял амсжээ. Наранд өвөр хоосноос нарсанд мөнгөтэй явсан нь дээр гэж тэд өдгөө амаа үдүүлсэн мэт чив чимээгүй. Аргаа барсан АН-ын генсек та нар дуугараач ээ гэж жиргэхэв. Ч.Хүрэлбаатар бол багаасаа Сангийн яаманд дансны аргаар ten percent хийж сурсан Улааны улаан луйварчин. Харин Б.Чойжилсүрэн их барилгын салбарт иргэдийн дээрээс дарж алахааргүй байшин бариад байгаа. Н.Энхбаярыг ид байхад ЕТГ-ын даргаар ажилласан юм үзэж, нүд тайлсан нэгэн.
Монголын ард түмэн манай улсад ганцхан байдаг дан онц сурлагатнуудын ангид С.Чинзориг, Н.Төмөрхүү, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн дөрвийг тоосыг нь өргүүлсэн. МАН-аас хоёрыг хасвал АН-аас хоёрыг хасна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй.
Ааяа доктор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ