Чингисийн талбайд жааз хөгжмийн наадам болно


"Их талын жааз" олон улсын долдугаар их наадам Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Их талын жааз ТББ, Нийслэлийн соёл урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, БНЧУ-ын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон Гёте институт хамтран зохион байгуулж байгаа юм. Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас Латино жааз бэнд, Войс энд тойс, Мартин Зенкер ба түүний найзууд болон Күэнтин ба түүний найзууд зэрэг олон улсын уран бүтээлчид оролцохоос гадна ЦДБЭЧ, Юби Жазз хамтлаг, дуучин Нарка, Оюундарь, Эрдэнэбат зэрэг олон уран бүтээлчид оролцож байна.
Харин наадмын олон нийтэд зориулсан нээлттэй тоглолт Чингис хааны төв талбайд маргааш 15.00 цагт болон "Юби Жазз" клубд жааз тоглолт үдэш бүр 20.00 цагт тус тус тоглогдохоор болжээ. Энэ үеэр АНУ-ын алдарт хөгжмийн найруулагч Гилл Голдстейны найруулсан жазз найруулгаар монгол дуунуудыг манай улсын уран бүтээлчид гадны хамтлагуудтай хамтран тоглох маш сонирхолтой жазз тоглолтыг үзэх боломжтой юм байна.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ