В.Мотричко: Монгол хүн оросоор мэндлэхээр цочсон

Дэлхийн даамын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Украйны Их мастер Виктория Мотричкогийн сэтгэгдлийг сонсов.
-Тэмцээний рапид болон блицийн төрөлд хоёулангаас нь медаль авсан хүнээс стандарт ангилалд хэрхэн тоглох зорилго асуух илүүц байх. Улаанбаатарын талаар анхны сэтгэгдлийг тань сонсоё?
-Ихэнх сэтгүүлч, “Та түрүүлэх зорилготой биз” хэмээн тулгаж асуудаг юм билээ. Харин та өөрөөр асуулаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн хариуцлагатай нь шүү дээ. Тэгэхээр оролцогсод бүгд л өмнөө тавьсан өөрийн гэсэн зорилготой байж таарна. Би тэдний л нэг. Улаанбаатарын төвөөр явсан шүү. Чингисийн хөшөөг үзлээ. Бас нэг морьтой хүний хөшөө байна лээ.
-Монголчуудын талаар ямар бодолтой байна даа?
-Өө, маш өндөр сэтгэгдэлтэй байна. Танаас өгсүүлээд л бүгд оросоор ярих юм. Биднийг нутагт маань хэн ч таньдаггүй ш дээ. Гэтэл монгол хүн таниад, “Виктория амжилт хүсье” гээд оросоор мэндлэхээр анх цочсон. Одоо дасч байна даа. Ахмад хүмүүс нь голдуу оросоор сайн ярьдаг юм уу даа.
-Бид нэг үе “Ах, дүү” орон гэгдэж байлаа. Бүх сургуульд орос хэл ордог байсан юм.
-Тийм байх аа.
-Манай даамчид хэр санагдав?
-Хэдэн жилийн өмнөхийг бодвол их сайжирчээ. Тиймээс ч энэ нэр хүндтэй тэмцээн зохиох эрх авсан биз. Даам зэрэг оюуны спортод авьяасаас гадна, асар их хөдөлмөрлөх хэрэгтэйг хэлье.
-Оюуны спорт гэснээс даам, шатар хоёулаа энэ чиглэлд хамаарах байх. Гэхдээ шатрыг эхэнд нь тавиад байх шиг санагддаг?
-Сонирхогчдын цар хүрээгээр тэгдэг байх. Ач холбогдлын хувьд адилхан даа. За тэмцээн эхэллээ.
-Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ