Хүүхэд зодсон асрагч охиныг сургуулиас нь хөөх болжээ

Айлын асрагч охин ой таван сартай хүүхдийг зоджээ гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдах болов.

Тодруулбал нэгэн залуу гэр бүл хүүгээ 11 сартай байхаас нь “Отгонтэнгэр” их сургуулийн цэцэрлэгийн багшийн III курсын оюутан охиноор харуулсан аж. Харин сүүлийн үед хүү нь шөнө унтаж чадахгүй байн байн цочиж сэрээд мөн асрагч руугаа очих дургүй, уйлаад байсан учир хүүгийн эцэг хувцасныхаа шүүгээнд iPad байрлуулан нууц бичлэг хийсэн байна. Уг бичлэгт асрагч охин ой таван сартай хүүг нь цохин элдвээр доромжилсон үг хэллэг хэлж буй нь бичигджээ. Асуудал ийн үүссэн учраас тухайн гэр бүлийнхэн асрагч охиныг ажлаас нь халан “Отгонтэнгэр” их сургуульд арга хэмжээ авах хүсэлтийг хуулийнхаа зөвлөхөөр дамжуулан гаргажээ.

“Отгонтэнгэр” их сургуулийн зүгээс тус сургуульд цэцэрлэгийн багшийн мэргэжлээр сурч байсан оюутан зүй бус үйлдэл гаргасных нь төлөө хохирсон ар гэрийнхнээс хуулийн зөвлөхөөр нь дамжуулан албан ёсоор уучлалт гуйсан байна.

Тухайн оюутан нь “Отгонтэнгэр” их сургуульд 2011 онд Сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн ангид оюутнаар элсч нэг, хоёрдугаар курстээ хичээлдээ бүрэн хамрагджээ. Харин 2013-2014 оны хичээлийн жилд өвчтэй байгаа гээд хичээлдээ хоёр удаа л ирсэн гэнэ.

Тэгвэл “Отгонтэнгэр” их сургуулийн зүгээс оюутны ёс зүйн дүрэм, баклаврын сургалтын журмын тодорхой заалтуудыг зөрчсөн энэ оюутныг сургуулиас хасах арга хэмжээг авахаар тушаал гаргаснаа мэдэгджээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ