Цэвэрлэгч нь цэвэрлэгчээ, захирал нь захирлаа сайн хий

Багаар ажиллах чадвар. Монголчууд бидний хувьд энэ үг танил болоод удаж буй. Гэхдээ би л хувьдаа яг юу гэсэн үг болохыг сайн мэддэггүй. Монголчуудад багаар ажиллах чадвар бий юу? Энэ асуултаас үүдэн “Багаар ажиллах чадвар гэж юу вэ?” хэмээх асуудал гарч ирлээ. Онлайн буй хэдэн найзаасаа асуулаа. Гэтэл тойрч суугаад эвтэйхэн пиводох, бусдыг аятайхан аялдан дагах чадвар, “Эвт шаазгай буга барина" гэх мэтчилэн хариултууд ирэв. За тэгвэл ямар ч байсан бусадтайгаа эв зүйгээ олоод дагаад явах чадвар гэсэн дүгнэлт энэ гурвын амнаас гарав.

Баг гэж юу вэ гэдгээс асуудлаа эхэлье. Мэдээж баг гэдэг нь тодорхой нэг зорилгод хүрэхээр зохион байгуулагдсан хоёр ба түүнээс дээш хүний хамтрал юм. Бүүр энгийнээр хэлбэл цэвэрлэгч нь цэвэрлэгчээ голохгүйгээр хариуцлагатай хийж, захирал нь захирлаа омоггүй гүйцэтгэхийг л хэлэх юм уу даа.

Би захирал баймаар байна гээд... Монголоор нэг цаасан дээр байдаг компанийн захирлууд, Би ч ерөнхийлөгч, тэргүүн баймаар байна гээд, Монголоор дүүрэн үйл ажиллагаагүй нийгэмлэг, холбоодын ерөнхийлөгчид... Дарга, захирал, ерөнхийлөгч. За одоо болно оо. Нэгнийхээ давуу тал дээр түшиглээд чаддаг чаддагаа хийцгээе л дээ. Microsoft-д Билл Гейтсээс илүү цалин авдаг ажилчид зөндөө л байна. Тэд юу хийж чаддагаа мэддэг, хүчээ нэгтгэж сурсан хүмүүс. Хаана хүрэхээ мэддэг, багийн үнэт зүйлээ хувийн эрх ашгаасаа дээгүүр тавьж чадсан хүмүүс. Харин бидэнд сурах зүйл их байна. Багаар ажиллах чадвар дутагдсанаас олон ч байгууллага бутран сарниж, олон олон бүтээл босолгүй үлдэж, олон амжилтууд нурж унасан даа.

"Багаар ажиллах чадвар" гэдэг нь өөрөө юу гэсэн утгыг агуулдаг юм бол. Хүмүүст ширээ зөөх үүрэг өгвөл, жишээ нь дөрвөн хүн байсан бол тэд дөрвүүлээ нөгөө ширээг өргөх гээд дайрна. Уул нь хоёр хүн даах ширээг шүү дээ. Багаар ажиллах гэдэг нь тэгвэл үүнээс тэс ондоо утгатай. Харин хоёр хүн ширээг зөөх бөгөөд нэг нь замын тээгийг зайлуулах, үлдсэн нь ширээ тавих газрыг бэлдэх нь жинхэнэ багаар ажиллах чадвар гэлтэй.

Багаар ажиллах чадвар бидэнд дутмаг байдаг нь жижиг, том аль ч хүрээнд мэдрэгддэг. Монголчууд багаар ажиллаж чаддаггүйн учир гэвэл хүн бүр бүх зүйлийг мэддэг байх гэж зүтгэдэг, яг тэр асуудлаараа мэргэжлийн мэдлэг чадвартай хүн байдаггүй, бүх хүн бүх зүйлийг мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шигээс нь болдог байх аа.

Их Монгол Улсын бутрал ч бас багийн үнэт зүйлээ эрхэмлэж чадаагүйгээс болсон хэрэг. Манжууд ч монголчуудын хувийн нэр төр хөөцөлддөг занг нь ашиглаж отго жинс, чулууны өнгө, тогосны нүдний тоогоор зэрэг дэвийг ялган олгож, монголыг монголоор нь сүйтгүүлж, дотроос нь идэхээ мартаагүй билээ... Ноёд, ван, гүнгүүд малгай дээрх жинснийхээ өнгийг өөрчлөх гэж нэгнээ худалдахаас буцахгүй байлаа. Тэгээд нэгнээсээ дээр гарах гэж "алтан хошуу" өргөн, хутган үймүүлж, хорлож байсан хэрэг. Ер нь монголчууд гадаадын дайсанд ялагдсан түүх үгүй бөгөөд өөр хоорондоо алалдаж, биесээ хэмлэлдсэн түүхээр дүүрэн. Энэ түүхийг Монголын залуус бид үргэлжлүүлмээргүй байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ