Шилдэг адуучин найман сая төгрөг гардлаа

Өчигдөр Хүй долоон худагт "Адуучин тэмцээн боллоо. Энэ жил Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Адуучин” тэмцээнд 21 аймгийн уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагчид оролцож, нийлбэр дүнгээр шилдгийн шилдгийг тодруулж, Улсын аварга адуучин цол өргөмжилсөн юм.

Улмаар Хэнтий аймгийн Батноров сумын адуучин Алтаншагай 21 аймгаас ирсэн шилдгүүдээс магнайлж, улсын аварга адуучин болов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнд алтан медаль, 8 сая төгрөгийн шагналыг гардууллаа.
Тэмцээний дөрвөн төрөл тус бүрт нэг, хоёр, гуравдугаар байрын эзнийг тодруулж, цул мөнгөн медаль, 3-1 сая төгрөгөөр урамшуулсан бол нийлбэр дүнгээр айргийн тавд шалгарсан адуучин залуусыг мөн цул мөнгөн медаль, 8-4 сая төгрөгөөр шагналаа.

Энэ тэмцээнийг жил бүр зохион байгуулж, монгол бахархал болсон энэ эрдэм чадлыг гадаад, дотоодын жуулчдад сонирхуулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд хоёрдугаар наадмыг ирэх жилийн есдүгээр сард зохион байгуулна. Уламжлал болгосноор адууны соёл, адуучны эрэмгий чадлыг дэлхийд таниулах боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ