Хуульчид "тоглоомын дүрэм"-ээ баталж дууслаа

“Хуульчдын холбоо” өнгөрсөн есдүгээр сард анхдугаар хурлаа хийж, ерөнхийлөгчөө сонгон, холбооныхоо дүрмийг баталсан. Тэгвэл хуульд заасны дагуу 30 хоногийн дараа дахин хуралдахаар болсон. Уг хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордон амжилттай зохион байгуулагдсан билээ. Ингээд хурлын талаар “Хуульчдын холбоо”-ын ерөнхийлөгч Д.Батсүхээс зарим зүйлийг тодруулав.

-Дахин хуралдсан хуульчдын хурлын талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын хуульчдын холбоо дахин хуралдлаа. Хурлаар Хуульчдын нэр хүнд, гол баримт бичиг болох хуульчдын мэргэжлийн хариуцлагын дүрмийг батлаж, бүрдүүлэхээр боллоо. Мөн "Хуульчдын холбоо"-ны гүйцэтгэх гол удирдлагыг хэрэгжүүлэх зөвлөлийн гишүүдийг батламжилсан. Түүнчлэн мэргэжлийн хариуцлагын хороог байгуулж, гишүүдийг батламжлах асуудлыг хэлэлцлээ.

-Тэгэхээр “Хуульчдын холбоо” хурлаараа бүх зүйлээ эцэслэн шийдсэн гэж ойлгож болох уу?

-Болно. Энэ удаагийн хурлаар "Хуульчдын холбоо"-г байгуулах, анхдугаар хурлаа хийх үйл ажиллагаа дуусгавар болж байгаа юм. Хурлыг зохион байгуулах ажлыг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гүйцэтгэсэн. Хурлын үйл ажиллагаа дуусгавар болсноор цаашид “Хуульчдын холбоо” өөрсдөө дотоод асуудал үйл ажиллагаагаа хийх болно.

-Мэргэжлийн хорооны даргаар хэн сонгогдсон бэ?

-Улсын Ерөнхий прокурорын орлогч Н.Эрдэнэбат сонгогдсон.

-"Хуульчдын холбоо"-ны зөвлөлийн гишүүдийг хэрхэн сонгов?

-Зөвлөлийн гишүүдийг хуульчдын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан сайн дурын хороодын төлөөллөөс бүрдүүлсэн. Нийт 38 гишүүн батламжлагдсан. Энэ нь байгуулагдсан хороод, тухайн хороодод харьяалагдаж байгаа гишүүнчлэлийн тоотой хамааралтай байгаа. Зөвлөлийн гишүүдийг тухайн хорооны гишүүдийн тоог харгалзан сонгосон. Хуульд 20-иос дээш гишүүнтэй байна гэж заасан байгаа. 50 хүртэлх гишүүнтэй бол нэг төлөөлөгчийг илгээнэ. 50-100 бол хоёр, 100-200 бол гурав, 200-аас дээш бол дөрвөн төлөөлөгчийг илгээнэ.

-Одоогоор нийт хэдэн хороо байгаа вэ?

-13 хороонд 38 зөвлөлийн гишүүдийг батламжлууллаа.

-Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны тухайд?

-Энэ хорооны гол чиг үүрэг бол шинээр батлагдсан мэргэжлийн хариуцлагын дүрэм, түүний хэрэгжилтийг хангах, хуульчдын мэргэжлийн хариуцлагын ёсзүйн байдалд үнэлэлт дүгнэлт өгч зохих шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага байгаа. Энэ хороонд нийт 30 гишүүн байгаа.

-Эдгээр 30 гишүүний мэргэжлийн хувьд?

-18 нь шүүгч, зургаа нь прокурор, зургаа нь өмгөөлөгчийн төлөөллөөс бүрдсэн.

-Тэгэхээр энэ хороо ёсзүйн алдаа гаргасан хуульчдад хариуцлага тооцох юм байна гэж ойлголоо?

-Тийм. Шинээр батлагдсан мэргэжлийн хариуцлагын дүрмийг хэрэгжүүлэх, ёсзүйн дүрмийн хүрээнд гарсан ёсзүйн зөрчил, маргааныг хянан шийдвэрлэх. Нөгөө талаар дүрмийн хэрэгжилтэд хангах буюу дүрмийг хуульчдад олон нийтэд сурталчлах ажлыг тус холбооны дэргэд байгуулагдах мэргэжлийн дүрэм ёсзүйн хороотой хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулах хороо юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ