Б.Баяр: Рашаан хад бол соёлт хүн төрөлхтний түүх

Өнөөдөр кино найруулагч Б.Баярын бүтээл “Рашаан хад” шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино нээлтээ хийлээ. Энэхүү хад нь нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт оршдог бөгөөд хүн төрөлхтөн үүссэн цагаас эдүгээг хүртэлх түүхийн ул мөрийг хадгалсан байгалийн ил музей юм. Хуучин чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, нэн ховор савагт хирсний дүрслэлээс эхлээд үй олон тамганы дүрс, түрэг, руни, уйгаржин монгол, хятад, манж зэрэг олон янзын бичиг үсгийн дурсгал нэг дор байдгаараа онцлог юм.

Ингээд киноны нээлтийн үеэр киноны найруулагч Б.Баяртай цөөн хором ярилцав.

Үнэхээр сайхан, бахархал төрүүлсэн уран бүтээл болжээ. Киноныхаа талаар яриач, энэ киногоороо юуг илэрхийлэхийг хүсэв?

Энэ бол Монголчуудын агуу их оюуны соёл. Монголчуудыг асар их оюуны соёлтой ард түмэн байсан юм гэдгийн баримтаар үзүүлж байгаа юм. Нүүдэлчин ард түмэн маань хадан дээр оюуны тэр их өндөр чадвараа чулуугаар цохиж, бичиж үлдээсэн байна.

Нэг хадан дээр олон бичиг бичиж үлдээсэн ийм дурсгал манай орноос өөр газарт байдаггүй гэв үү?

Тийм ээ. Хуучин чулуун зэвсгийн үеийн бэлэг тэмдгүүд. Руни бичиг, Кидан, Манж, 13-р зууны үеийн Монгол, Араб, Перс үсгүүд бөөнөөрөө нэг дор байж байна. Энэ бол гайхамшиг. Энэ сайхан өв соёлоо олон түмэнд, гадаад дотоодын хүмүүст таниулж, Монгол нутагт эрт цагт одоогийн монголчууд байгаагүй юм аа гэх мэт ташаа ойлголтод няцаалт өгье л дөө.Арслан заан ил хадан дээр цохиж сийлсэн зураг Монголоос өөр газар байдаггүй гэж эрдэмтэд ярьж байна. Гэтэ энэ зураг нь Рашаан хадан дээр байна. Хоёрдугаарт Рашаан хад Монголын түүх, тэр тусмаа дэлхийн түүх. Дэлхийн соёлт хүн төрөлхтний түүх энд явж байна.

Уран бүтээлээ үзэгчдэд хэзээ хүргэх вэ?

Энэ гайхалтай дурсгалыг бид чулуун дээр товойлгон сийлж энэ музейд байршуулсан. Одоо гаднаас нь хамгаалж, хүн гар хүрэхгүй болсны дараа үзэгч, ард түмний хүртээл болгоно.

Хөрөнгө мөнгөө хаанаас гаргасан бэ?

Энэ ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлийн ивээл дор, Бас миний найз “Альфа моторс” ХХК-ийн ерөнхий менежер Ч.Ганхуяг ивээн тэтгэж миний кино бэлэн боллоо. Найзынхаа хамт олонд үнэхээр их баярлалаа.

“Альфа моторс” ХХК-ийн ерөнхий менежер Ч.Ганхуяг:

-Та тэр хадны талаар яриач, ийм түүхэн дурсгалтай газар байсныг нь багаасаа мэдэж байсан уу?

-Би өөрөө хэнтий аймгийн Батширээт суманд төрж, бага насаа өнгөрүүлсэн. Гэхдээ Рашаан хадны энэ гайхалтай дурсгалын талаар саяхныг болтол мэддэггүй байлаа. Ерөнхийд нь мэдэхээс биш түүхийн ийм ач холбогдолтой чухал дурсгал байдаг гэдгийг мэддэггүй явлаа. Тэгээд хоёр жил гаруйн өмнө манай найз Баяр надад санал тавиад энэ киног хийхээр болсон. Тэгээд эрдэмтэн судлаачидтай уулзах явцад энэ хад түүхийн болоод археологийн маш том олдвор болох нь мэдэгдсэн.

-Энэ агуу том дурсгалын талаар залуус төдийлөн мэдэхгүй байгаа байх шүү?

-Энэ сайхан дурсгалаа хойч үе, залуучууд нь мэддэг, бахархдаг байх ёстой юм. Энэ киног хийхэд хоёр жил зарцууллаа. Энэ шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино болохоор түүхийн талаар бидэнд мэдлэг байхгүй. Тиймээс дотоодын болон гадаадын эрдэмтэн мэргэдтэй уулзах, ярилцах тодруулах ажил гарсан. Энэ кино нээлтээ хийж байгаад үнэхээр баяртай байна. Баяр найздаа амжилт хүсье.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ