Б.Цогтгэрэлд холбогдох хэргийг маргааш шүүнэ


МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлд холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 21 сая төгрөгөөр торгох ял оноосон. Харин тэрбээр үүнийг эсэргүүцэж Хяналтын шатны шүүхэд хандсан юм. Түүний гомдлыг маргааш Улсын дээд шатны шүүхийн Хяналтын шатны шүүхээр хэлэлцэнэ.
Хэргийг тодруулбал, тэрбээр өөрийн ажиллуулдаг www.tsag.mn цахим хуудаст өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд “Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, АН-ын гишүүн “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын тэргүүн Р.Улаанхүү 2012 оны арваннэгдүгээр сарын 21-ний орой орон нутгийн сонгуулийн дүн гарч, АН Орхон аймагт ялсан хэмээн хөөрцөглөн архи хэтрүүлэн хэрэглэж бусадтай маргалдан иргэн О-гийн амийг хохироосон онц ноцтой хэрэг үйлдэн, одоогоор Орхон аймгийн Цагдаагийн газарт саатуулагдан шалгуулж байна” гэсэн мэдээлэл цацсан аж. Гэвч энэ нь үндэслэлгүй мэдээлэл байсан бөгөөд түүнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд халдсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ