АНУ-ын төрийн департаментын ажилтнууд амралтаа авчээ

АНУ-ын Төрийн департаментын олон зуун ажилтан аргагүйн эрхэнд амралтаа авчээ. Төрийн байгууллагуудыг санхүүжүүлэхийг зогсоосноос энэ явдал үүссэнийг гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч Мари Харф мэдээлсэн байна.

“Өдөр ирэх бүрийд эрсдэл ихсэнэ, ингэснээр амралтаа авах хүмүүсийн тоо нэмэгдэнэ” гэж Харфын хэлснийг хэвлэлд дурджээ.

Түүний хэлснээр, Төрийн департамент гадаадад хийх айлчлал, уулзалт, бага хурлын тоог цөөлсөн байна. Гэхдээ гадаадад АНУ-ын үндэсний эрх ашгийг төлөөлдөг болон эх орон нэгтнүүдэд консулын тусламж үзүүлэхтэй холбоотой үүрэгт ажил гүйцэтгэхийг зогсоохгүй гэж Төрийн департамент онцлон тэмдэглэсэн юм.

Хэвлэлд бичсэнээр, бүгд найрамдах намынхны хяналтад байдаг төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Барак Обамагийн нэн чухал санаачлагын нэг болох эрүүлийг хамгаалах системд шинэтгэл хийх ажлыг зогсоох юмуу хойшлуулах тухай заалтгүй төсөв батлахаас татгалзсан юм. Буулт хийж чадаагүй учир АНУ-ын Төрийн департаментыг санхүүжүүлэх ажлыг 17 жилийн хугацаанд анх удаа зогсоожээ.

Олон төрийн байгууллага аравдугаар сарын 1-нээс ажиллахаа больсон юм. 800 мянган төрийн албан хаагч амралтаа авахаас аргагүй хүрчээ. Үндэсний паркууд,засгийн газрын санхүүжүүлдэг хяналтын болон эрдэм шинжилгээний байгууллагууд ажлаа зогсоосон байна.

Түр амралт цагдаа, “түргэн тусламж” болон арми зэрэг яаралтай албадыг хөндөөгүй юм. Зүүн өмнөд Азийн орнуудаар аялахаар төлөвлөж байсан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама санхүүгийн хүндрэлээс болоод Малайз, Филиппинд айлчлахаас татгалзжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ