Амиа алдсан иргэдийг элсэнд булсан байжээ

Өнгөрсөн хоногт хоёр иргэн барилгын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд “Батширээт” ХХК-ийн баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан 25 настай эрэгтэй А, 23 настай О нар угсардаг төмөр шат зөөж яваад өндөр хүчдэлийн шугаманд хүрч тогонд цохиулж нас барсан байна.

380 вольтын тог хэрэглэх байсан ч хулгайгаар 6000 вольтын тог ашиглаж байжээ
Амиа алдсан иргэд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат байжээ. Биднийг ослын газарт очиход барилгын үйл ажиллагаа зогссон харин ажилчид нь бололтой хоёр, гурван залуугаас өөр хүн байсангүй.
Тэд мэдээлэл өгөхөөс татгалзаж, “бид саяхан ажилд орсон” гэснээс өөр тайлбар хэлсэнгүй.
Харин тус компанийн захирлын хувьд ажлаар БНХАУ-ын Эрээн хотод яваа аж. Хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авахаар түүнийг яаралтай цагдаагийн газарт очихыг мэдэгджээ.
Түүнчлэн уг барилгын газар нь зөвшөөрөлтэй хэдий ч газрын гэрчилгээ нь асуудалтай байсан аж. Тодруулбал, тус компани дөрвөн айлын газрыг худалдан авч, үйл ажиллагаа явуулж байгаа ч газрын зөвшөөрлөө компанийнхаа нэр дээр шилжүүлээгүй байж.
Тиймээс өнгөрсөн наймдугаар сард МХЕГ-аас шаардах хуудас илгээж байжээ. Мөн хорооны Засаг дарга Н.Мөнхтуяа удаа дараа мэдэгдэх хуудас илгээж байсан ч “Батширээт” ХХК-ийн зүгээс хариу өгөөгүй байна. Түүнчлэн тус компани нь 380 вольтын тог ашиглах зөвшөөрөлтэй байж, 6000 вольтын тогийг хулгайгаар хэрэглэж байсан талаар эх сурвалж мэдээлэв.

Тэднийг энэ элсэнд булсан байжээ
Тиймдээ ч осол гарч, хоёр иргэн ийнхүү харамсалтайгаар амиа алдсан байна.
Тэднийг амиа алдсан даруйд тогийг гадагшлуулна хэмээн элсэнд булсан байжээ.
Гэвч яаралтай түргэн тусламжийн эмч нарыг ирэхэд тэд хэдийнэ амиа алдсан байсан аж. Одоогоор уг барилгын үйл ажиллагааг түр зогсоон хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна. Мөн уг компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ