Гурван Мөнх-Эрдэнийн тавилан

Энэ удаагийн "Гурван тавилан" буландаа Мөнх-Эрдэнүүдийг орууллаа. Санамсаргүй байдлаар сонгосон ч гэсэн Мөнх-Эрдэнүүд маань гурвуулаа Өвөрхангай аймгийнх юм билээ.
Түүнийг хатгасан үг сэргээсэн
Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 1982 оны гуравдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн, Монгол Улсын гавьяат тамирчин. Улаанбаатар хотын 10 жилийн 13 дугаар дунд сургууль төгссөн. Ээж, өвөөгийн хамт амьдардаг.
Боксын спортоор 1996 оноос эхлэн хичээллэсэн. 60 кг, 64 кг-ын жинд өрсөлддөг. 2004 оны Афины олимпод боксын 60 кг-ын жинд, 2008 оны Бээжингийн олимп, 2012 оны Лондоны олимпуудад 64 кг-ын жинд тус тус оролцсоноос 2012 онд хүрэл медаль хүртжээ.
Бээжингийн олимпийн тавдугаар байрын шагналтай. ДАШТ-ий хүрэл медальт (2009), Дэлхийн цомын мөнгөн медальт (2008), Осакад болсон 2001 оны Зүүн Азийн наадмын аварга, Дохад болсон Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, Чехийн Усти-над-Лабе хотод болсон олон улсын тэмцээний аварга.
Одоогийн байдлаар 64 кг-ын жинд дэлхийд чансаагаараа тэргүүлж байна. У.Мөнх-Эрдэнэ дөнгөж өчигдөрхөн энэ сарын 11-нээс 26-ны хооронд Казахстаны Алма-Ата хотод болох боксын ДАШТ рүү бусад жинд оролцох нөхдийн хамт зорилоо.
Энэ дэлхийн аваргад оролцох ёстой, үгүй, ОУХМ З.Энхзоригтой сорилд оруулаад ялагчийг нь энэ тэмцээнд явуулна гээд сүүлийн сар гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд шуугисан. У.Мөнх-Эрдэнийн хувьд жиндээ дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, намайг оюутны дэлхийн аваргын медальтантай харьцуулах хэрэггүй. Би сорилгод оролцохгүй” хэмээн хэвлэлийн бага хурал хүртэл хийгээд авсан.
Гэвч Монголын боксын холбооны удирдлагуудтай яаж ч тэрсэлдээд давж чадаагүй сорилгод орсон билээ. Гэхдээ үнэхээр чансаа сайтай тамирчин гэдгээ баталж тэмцээнд оролцох эрхээ олж авч чадлаа. Үнэхээр бахархаж байна. Түүнийг “Хэрвээ тийм сайн л юм бол сорилгод орооч, яагаад айгаад байгаа юм” гэх мэт хатгасан үг сэргээж, сорилгод орох шийдвэр гаргахад хүргэсэн болов уу. Хүн ийм л зөв хор шартай байх хэрэгтэй байгаа юм.
У.Мөнх-Эрдэнэ боксын спортоос төрөн гарч буй 16 дахь гавьяат билээ. Афины олимпоос эхлээд Бээжингийн олимп хүртэл монгол түмний итгэл найдварыг өвөртөлж явсан тамирчин бол боксчин Мөнх-Эрдэнэ.
Дэндүү даруухан энэ залуу боксын рингэнд гараад ирэхээрээ чухам л арслан барс шиг болдог гэж багш нар нь бахархан ярьдаг. Харин хүмүүс чадварлаг тамирчныг тэмцээний одгүй юм уу даа гэж ярьцгаах нь бий. Гэвч залуу боксчин ОХУ-д болсон дэлхийн супер цомын төлөө тэмцээнд Бээжингийн олимпод хүрэл медалийн төлөө тоглож ялагдсан Францын тамирчныг ялж, мөнгөн медаль эх орондоо авчирсан билээ. Даагаа нэхнэ гэж энэ дээ.
Түүнийг Бээжингийн олимпод амжилт муутай оролцсоныг сэтгэл санааны байдалтай нь холбож тайлбарлаж байсан билээ. Учир нь тухайн үед түүний ээж залилангийн хэргээр шийтгэгдэж, Луусангийн хорих ангид хоригдсон гэх. Энэ мэт тамирчин залууд ар гэрийн асуудлаас авахуулаад санаа зовох асуудал мундахгүй. Тамирчин хүний хамгийн том зэвсэг бол сэтгэл санааны бэлтгэл, өөртөө итгэх итгэл гэдэг юм билээ.
Ер нь хүн бүр өөрийн гэсэн зорилготой байдаг. Бас өөр өөр бодолтой. Гэхдээ тамирчид өөртөө тавьсан зорилгынхоо төлөө хамгийн үнэнч хөдөлмөрлөдөг хүмүүс. У.Мөнх-Эрдэнийн хувьд хамгийн сайн хийж чаддаг зүйл нь бокс тоглох. Магадгүй боксоор хичээллээгүй бол барилдчихсан явж байж болох юм гэж тэр ярьсан байсан. Түүний боксын замнал 14 наснаас нь эхэлсэн гэдэг. Одоо 31 настай түүний боксын замнал 17 жил үргэлжилж байна.
Гэр бүл, эмэгтэй хүний талаар түүнээс асуухад “Гамзатовын номонд байдаг даа. “Амьдралын үнэнийг мэдье гэвэл эмэгтэй хүнээс асуу, давснаас асуу, хутганаас асуу, мөнгөнөөс асуу” гэж…Тэгэхээр би эмэгтэй хүмүүсийг хүндлэх ёстой л гэж боддог. Гэр бүлийн тухайд ирээдүйд би тэгнэ, ингэнэ гэсэн айхтар нарийн төлөвлөсөн зүйл алга даа. Ер нь би хэт их холын юм бодох дургүй. Хэзээ нэгэн цагт гэр бүлтэй болох нь тодорхой.” гэж хариулсан байна.
“Хүн чанар хүндлэлийг Хөрөнгө мөнгөнөөс илүүд үзэгч...
Хүсэл мөрөөдлийнхөө төлөө Үхэр тэргээр туулай гүйцэгч...”
Хурц үг хэллэг, илэн далангүй яриа, этгээд үг хэллэг бүхий хип хоп стилийн дуугаараа залуусын дунд өөрийн байр суурийг хэдийнэ эзэлсэн нэгэн бол Рэппэр Жи буюу Т.Мөнх-Эрдэнэ. Олны эгдүүцэл төрүүлсэн цөөнгүй дуутай ч тэрбээр хип хопчдын дунд багагүй нэр хүндтэй нэгэн.
Т.Мөнх-Эрдэнэ нь 1982 оны долдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. Аав нь Өвөрхангай аймгийн цэргийн ангид хурандаа цолтой ажиллаж байсан бөгөөд ээжтэйгээ Өвөрхангай аймаг луу нүүсэн гэдэг. Түүнийг хоёрдугаар ангид байхад аав нь нас барснаар буцаад Улаанбаатар хотдоо ирсэн аж. Багаасаа ном унших дуртай хүүхэд байсан тэрбээр нүдний өвчтэй болтлоо ном уншиж байсан гэнэ. Бүр ээж нь ном уншуулахгүй гээд гэрлийг нь унтраахад ч гандан буурахгүйгээр нөгөө дээр үеийн зохиолд хүжийн гэрэлд ном уншдаг байсан гэдэг шиг сарны гэрэлд номоо уншдаг гэж өөрөө хэлсэн байдаг. Түүний бага нас Толгойтын дэнжид өнгөрсөн бөгөөд бусдын л адил тоглож наадаж, хүүхэд нас ямар байх ёстой тэр замналаар явжээ. Ингэхдээ арван өөр анги дамжиж суралцсан гэдэг.
Багаасаа хип хоп хөгжим сонсдог байсан Т.Мөнх-Эрдэнэ 2000 онд B.A.T-ийн зохион байгуулсан “Freestyle battle” тэмцээнд түрүүлснээр үнэ төлбөргүй дуу клип хийлгэх эрх авсан байна. Ингэж л түүний рэпперийн замнал эхэлжээ.
Түүний 2001 онд гаргасан "Боловсронгуй сэхээтний тавигдахгүй илтгэл" цомогт орсон ихэнх дууных нь аяыг B.A.T зохиосон. Хэсэг хугацаанд завсарласаны эцэст 2009 онд "Мөнгөгүй хүний цомог" нэртэй цомгоо гаргаснаар ихээхэн нэр хүнд олж. Даанч уг цомгоо гар дээрээс 50 ширхгийг зарсан нь олон хүнд хүрч чадаагүй юм.
Тухайн оныхоо аравдугаар сард өөрийн бие даасан гурав дахь цомог болох “Монгол рэппэр” цомгоо гаргаснаар тэсрэлт хийсэн юм. Цомогтоо Gangsta service Nomad Ka Gennie Дайн ба энх зэрэг хамтлагтай хамтарч уран бүтээл хийсэн. Цомолт орсон Монгол рэппэр дуу нь гадуур хит болж олон долоо хоног чартуудын тэргүүнд бичигдэж байсан юм.
Тэр дуугаа хүмүүст хүргэж, магтуулах гэж дуулдаггүй. Өөрийгөө илэрхийлж, түүнээсээ таашаал авах гэж л дуулсан. Тэр хэзээ ч уран бүтээл хийж байна гэж том ярьдаггүй. Тэгж ярихаас айдаг болохоор өөрийгөө уулын бэлээс оргил руу нь мацаж яваа жижигхэн шоргоолжоор төсөөлдөг гэсэн. Түүний хувьд хүн хүндээ эрхэм байх ёстой. Түүнд дургүй, бүр үзэн яддаг байсан ч тэр хүн түүнд эрхэм. Яагаад гэвэл тэр хүмүүс байгаа учраас Т.Мөнх-Эрдэнэ өдий зэрэгтэй яваа.
Бас ч үгүй нэлээд сайн твиттерчин тэрбээр @GeeCCB твиттертээ “Хүн чанар хүндлэлийг Хөрөнгө мөнгөнөөс илүүд үзэгч... Хүсэл мөрөөдлийнхөө төлөө Үхэр тэргээр туулай гүйцэгч...” хэмээн бичжээ.
Тэр улс төржөөд байдаггүй. Зөвхөн харж л байя аа та нарыг гэж хэлэхийг хүсдэг. Ардчилал, ардчилсан нам хоёрыг хольж ойлгоод байдаг хүмүүсийг ойлгодоггүй. Ардчилал бол ардчилал, ардчилсан нам бол ардчилсан нам. Хэн нь, аль нам нь улстөрд гарах нь хамаагүй. Гол нь улс орноо зөв удирдаж, бодлогоо зөв боловсруулаад л явж байвал болоо гэж тэр үздэг. Дээр сууж байгаа төрийн хэдэн нөхөд өөрчлөгдлөө гээд мануусын амьдрал дээшлээд байгаа юм уу гэж тэр хэлдэг.
Тэрбээр Цэцэнбилэг буюу Цэцэ гэх рэппэр залуутай хонь, чоно шиг харьцаатай. Түүний "Би хотын төвийнх, та нар гэр хорооллынх" гэх мэт залуусыг хагалган бутаргах гээд байгаа нь Gee–д таалагддаггүй. Тэр гэр хороолод өссөн болохоороо их эгдүүцдэг байх. “Миний өвөг дээдэс ч монгол гэрт өссөн. Хэрвээ Цэцэнбилэг үнэхээр монгол хүн мөн юм бол түүний өвөг дээдэс бас л гэр хороололд өсөж, хиртэйгээ зууралдаад л явж байх байсан. Эсвэл өөр газраас ирсэн хүний хүүхэд юм болов уу” хэмээжээ.
Нэг хэсэг дуучин Маралжингоотой хайрын романс үүсгэж байсан ч таарч тохирохгүй хоёр тийш болсон ч төд удалгүй эхнэртэй болсон сураг дуулдах болсон. Түүний эхнэр социологич мэргэжилтэй оюутан. Түүний уран бүтээлийг сайн ойлгодог, гэрийн сайн эзэгтэй гэнэ билээ. Дээрээс нь рэппер маань оюутан гэргий болон хүүхдээ тэжээхийн тулд энд тэнд, хөдөө орон нутгаар явж тоглолт хийж мөнгө олдог гэсэн. Түүнд “хагартлаа” баяжих хүсэл үгүй. Хэний ч дор орохгүй, хэний ч дээр гарахгүйгээр олонтойгоо хутгалдаж амьдрах нь түүнд таатай. Хэтэрхий баяжихаараа хүн хүнийхээ замаас салаад явчихдаг гэж тэр боддог гэсэн.
Түүний сонгосон нэрийг нь ч бодсон, Пи.. Ла.. гэдэг үгийг нь ч бодсон тэр бол Монгол реппер биш. Монгол хүн хараалаар хөглөгдөж, хараалаар бусдыг дайлдаггүй юм. Gee гэж нэрийдсэн энэ хижээл эр өөрийгөө ямар ч том од гэж бодож, үглэж байх нь хамаагүй. Жинхэнэ од бол ёс суртахуунтай, соёл боловсролтой хүн байх ёстой гэх мэт түний талаар саар мэдээлэл ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гардаг. Гэхдээ юм хоёр талтай. Хүмүүс хип хоп гэхээр бүдүүлэг, заваан гэж ойлгодог. Энэ нь гудамжныхан буюу ядуу зүдүү хэсгийнхний бий болгосон урлаг учраас тэр байх. Аливаа зүйл хоёр талтай байдаг даа. Хип хопчид дуундаа хараалын үг хэрэглэх нь ч бий, муу муухай үггүй дуунууд ч байгаа. Мөнх-Эрдэнийн дуунууд ч ялгаагүй. Тэгэхээр тухайн хүн тэр дууг яаж хүлээж авахаас шалтгаална л даа.
Халамжтай гэрийн эзэн
Мөнхцэцэг овогтой Мөнх-Эрдэнэ нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1989 оны дөрөвдүгээр сарын 13-нд төржээ. Түүний хүүхэд нас Арвайхээр, Улаанбаатар хот хоёрын дунд өнгөрсөн гэхэд болно.
Хар багаас нь харж хандаж өссөн эмээ, ээж хоёр нь эмч мэргэжилтэй. Тиймээс ч их завгүй хүмүүс. Гэвч М.Мөнх-Эрдэнийг юугаар ч дутаалгүй өсгөж хүмүүжүүлж чадсан. Тэрбээр дороо хоёр дүүтэй ч тэрсхэн өссөн эрэгтэй дүү нь аавтайгаа хамт байдаг. Харин Мөнх-Эрдэнэ бага дүүгийнхээ хамт ээж дээрээ өссөн гэдэг.
Айлын том хүүхэд, ганц хүүхэд, бүр бага хүүхэд шиг л эрх дураараа өссөн тэрбээр өдгөө айл гэрээ авч явдаг “мундаг” эр болсон. Хөөрхөн охины аав, халамжит гэрийн эзэн.
М.Мөнх-Эрдэнийг халамжтай гэрийн эзэн гэж байгаагийн учир тэр гэр бүлээ авч явах үүргээ биелүүлж ажил хийж олсон жоохон орлогоороо амьжиргаагаа дээшлүүлдэг ч яг л гэрийн эзэгтэй шиг хоол унд бэлтгэхдээ гаргуун. Түүний эхнэр цаг наргүй ажилтай. Тиймээс ч өдөр шөнөгүй л гүйж явдаг хүн бий гэх. Харин М.Мөнх-Эрдэнэ эхнэрээсээ урьтаж гэртээ очоод халуун хоолыг нь бэлдчихсэн сууж байдаг нэгэн.
Гэхдээ сайхан хоол хийж эхнэр, хүүхдээ дайлдаг нь түүний тогооч мэргэжилтэй бас холбоотой байх. Учир нь тэрбээр арван жилээ Нийслэлийн дөрөвдүгээр сургуулийг төгсөөд Хүнсний технологийн дээд сургуульд Хүнсний технологичоор суралцсан.
Харин өдгөө М.Мөнх-Эрдэнэ хоолны чиглэлээр ажилладаггүй нэгэн компанид ажилладаг.
М.Мөнх-Эрдэнэ үндсэрхэг үзэлтэй. Тийм ч учраас үндсэрхэг үзлээрээ нэгдсэн зарим нэг бүлгэмүүдийн залуусыг дэмждэг гэнэ.
“Гадныхан манай улсад дураараа авирлах,биеэ үнэлэлт, газар шороогоо сэндийчих” гэх мэт үйлдэлд ясны дургүй. Бүх зүйлийг бүтээнэ, чадна гэж боддог нэгэн. Тэрбээр их нийтэч. Гэхдээ хэдхэн хүнийг л сайн найзаа болгосон. Магадгүй тэдгээр найзуудаас нь итгэлийг нь алдах нэгэн гарч ирвэл тэр шууд л холбоогоо таслах хүн.
Багаасаа гэр хороололд өссөн болохоор “бацаан”-уудаар их хүндлүүлнэ ээ. Ёстой л “дошин дээрээ атаман бай л даа” гэдэг шиг түүнийг хүндэлж явдаг олон дүү нартай.
Их спортлог. Спортын төрөл бүрийг л сонирхдог. Тэр дундаа хөл бөмбөгийн жинхэнэ “улаан фен”. Мөн чөлөөт цагаараа “Дота” тоглоно.Аав болсон ч зангаа тавихгүйзан нь энэ тоглоом дээр л харагдана шүү дээ.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ