Шатарчид бужигнаж, Г.Занданшатар зайлах цаг ирэв

Монголын шатрын түүхнээ бүх цаг үеийн хамгийн сул холбоо одоо ажиллаж буй. Улсын аварга шалгаруулах албан ёсны тэмцээнээс бусад бараг бүх арга хэмжээ эл холбооны үед алга болжээ. Хаа сайгүй тэмцээнээр ангасан шатарчид байх. Үүнийг өөрчлөх цаг үеийн шаардлага ч гарав. Уг нь өнгөрсөн жилээс яригдсан асуудал билээ. Ерөнхийлөгчийн сонгууль, баяр наадам, бас бус зүйлд дарагдсаар өнгөөг хүрч иржээ. Одоо л цаг нь болов бололтой. Мэдэгдэл, уриалга гарч, Шатрын холбооны ээлжит хурлыг нэн даруй хуралдуулахыг шаардлаа. Монголын өсвөрийн шатарчдын холбооноос гаргасан уриалгыг тоймлон хүргье.
МШХ-ны ээлжит их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналыг авч дөрвөн жилийн хугацаагаар сонгогдон ажиллах болсон одоогийн удирдлага, түүний аппарат нь үүрэгт ажилдаа орсноос хойш даруй хоёр жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. “Ажил хийе, өөрчилж шинэчилье” гэсэн үнэнхүү сэтгэл тэмүүлэлтэй баг хамт олондбол дээрх хугацаа огтхон ч бага биш гэж бодож байна. Гэтэл нэгэн бүрэн эрхийн хугацаа дундаасаа хэдийнээ өнгөрөөд байгаа энэ үед одоогийн удирдлага УАШ уламжлалт тэмцээнийг эс тооцвол хийж бүтээсэн гэжхэлчихээр зүйлээр тун чиг хомс байгаа нь тус удирдлагын багийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, эргэлзэн тээнэгэлзэх, итгэл алдрах явдал шатарчид, шатар сонирхогчид, шатрын зүтгэлтэнүүдийн дунд зүй ёсоор илэрлээ.
Аливаа удирдлагын баг юун түрүүн хөгжлийн бодлогоо боловсруулж түүнийхээ дагуу ажлын төлөвлөгөө гаргаж, өдөр тутмын ажилдаа мөрдлөгө болгон, гүйцэтгэлийг нь хянан эргэж хуралдаа тайлагнаж байдаг билээ. Гэтэл ямар бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байгаа нь тодорхой бус, хэн хэн нь ямар эрх үүрэгтэй болон холбооны дэд ерөнхийлөгчөөр хэн гэдэг, ямар эрхэм ажиллаж байгаа нь бүрхэг, төсөв санхүүгийн тайлан балансаа тогтмол гаргаж тайлагнадаггүй, шатарчдын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх, олон нийтэд сурталчилан таниулахүүрэг бүхий мэдээллийн хэрэгсэл болох вэтсайт нь алдаг оног ажилладаг, шатарчид дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх сургалт семинарыг тогтмол зохион байгуулдаггүй, өсвөрийн шатарчдын талаар авч хэрэгжүүлсэн ажил гэхээр зүйлгүй, хатуухан хэлэхэд МШХ нь зөвхөн цөөн хэдэн хүний хувийн сонирхол, эрх ашгийг гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болон хувирчээа. Иймээс ажил үйлсдээ хоноцын сэтгэлээр хандаж буй одоогийн удирдлагад итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулж, улмаар МШХ-ны ээлжит бус их хурлыг энэ сард багтаан хуралдуулах шаардлагатай.
Одоо мөрдөж буй МШХ-ны дүрэм нь бодит амьдралд эс зохицсон, Монголын шатрын хөгжлийг урагшхөтлөх бус, хойшчангааж буй үндсэн хүчин зүйл гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Иймд энэхүү зогсонги байдлаас хэрхэн гаргах талаар дараах санал байна.
Нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
-Холбооны дүрмийг үндсээр нь өөрчилж ФИДЕ-гийн дүрмийн загварт тулгуурласан шинэ дүрэмтэй болох
- Холбоо бусдаас хараат бус байж өөрөө өөрийгөө санхүүжүүлэх системийг нэвтрүүлэх (Гишүүнчлэлтэй болох. Холбооны гишүүн нь жилийн татвараа төлснөөр МШХ-ны их хуралд сонгогдох эрх эдлэнэ. Гишүүн нь МШХ-ноос зохион байгуулж буй уралдаан тэмцээнд хөнгөлөлттэй оролцох, эрх ашгаа хамгаалуулах, шагнал урамшуулалд тодорхойлуулах гэх зэрэг эрх эдлэх. Гишүүнээр зөвхөн шатарчид дасгалжуулагчид гэж явцууралгүй шатарт элэгтэй, шатрын төлөө гэсэн бизнесмен, эцэг эх болон нийгмийн бусад төлөөллийг сонгох. Өнөөг хүртэл 70-80 гэсэн цөөхөн гишүүдийн бүрэлдэхүүнээр асуудлыг шийдвэрлэж ирсэн нь бусдын хараа нөлөөнд амар хялбар автах сөрөг үр дагавартай байв. Хэрэв бид 300-400 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр асуудлаа шийдвэрлэж байвал дээрх сөрөгнөлөө арилах боломжтой басанхүү болон үйл ажиллагааны хувьд гадны нөлөөнөөс хараат байж өөрөө өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. )
-Ерөнхийлөгчөө сонгохдоо бид улс төрийн болон эдийн засгийн хэр чадавхитай вэ гэдгийг гол шалгуураа болгож ирлээ. Хичнээн ч сайд дарга нар сонгогдов. Өөдөлж дэвшсэн л юм алга. Хэдийгээр гадаад орнуудад ийм туршлага байдаг ч гэлээ манай орны хувьд үр дүнгээ өгсөнгүй. Одоо шалгууртаа өөрөөр ханддаг болъё.Үнэхээр ажил хийё гэсэн чин эрмэлзэл, тухайн спортын нарийн ширүүнийг ойлгож мэддэг, удирдан чиглүүлэх авъяас чадвар зэргийг нь энэ тэргүүнд тавья. Тийм хүнээ ерөнхийлөгчөөр сонгоод эрхийг нь ч өгөөд үүргийг нь ч үүрүүлье.
-Уралдаан тэмцээний тоог аль болох олшруулж,давтамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сар болгон стандарт, рапид, блицийн тэмцээнийг зохион байгуулж шатарчдын бие бялдар, сэтгэл зүйн чадавхийг хөгжүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
-Төрөөс шатрын үндэсний шигшээ баг байгуулан цалинжуулж байгаа нь сайшаалтай сайхан хэрэг бөгөөд цаашид өсвөрийн үндэсний шигшээ баг байгуулах мөн шатар сайн хөгжсөн орнуудаас өндөр зэрэглэлийн багш дасгалжуулагчид авчирж шатрын спортын сургалтыг онол арга зүйн шинэ түвшинд хүргэх хэрэгтэй.
-Татвараас гадна санхүүжилт, хөрөнгө оруулалтын өөр бусад арга замуудыг олох. Жишээ нь пүүс компаниудтай алт мөнгөн түншлэлийн гэрээ байгуулах, стратегийн хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчдийг МШХ-ны дэд ерөнхийлөгч, хүндэт гишүүнээр сонгох гэх мэт. Бүгдээрээ ярилцвал буруугүй гэдэг байх аа. Холбооны удирдлагыг нэн түрүүнд өөрчлөх нь зүйд нийцнэ. Ийм л уриалга гараад байна. Хэрхэхийг шатарчид өөрсдөө мэдтүгэй.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ