Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцохгүй

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. Ирэх даваа гариг хүртэл үргэлжлэх тус хуралд 104 орны 1215 төлөөлөгч оролцоно. Энэ үеэр нийслэлийн замын хөдөлгөөн, нийтийн тээврийн үйлчилгээний хуваарьт зарим өөрчлөлт орж байгааг танилцуулж байна.

 Хязгаарлалт тогтоосон замуудад автомашинуудыг улсын дугаарын сүүлийн цифрээс хамааран хөдөлгөөнд оролцуулах ажээ. Тодруулбал, энэ сарын 26, 28-ны өдөр тэгш тоогоор, 27, 29-ний өдөр сондгой тоогоор төгссөн автомашинууд 07.00-21.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй  бөгөөд Их тойруу болон түүний доторх замууд, Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэг, ТЭЦ-3-ийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэл, Хөдөө аж ахуйн сургуулиас Долоон буудал хүртэлх зэрэг хотын төвийн гол замууд хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа юм байна.
Мөн энэ өдрүүдэд троллейбус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлж буйгаар ажлын өдөрт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Харин томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

Өнөөдөр  “Нарантуул” ОУХТ, “Өгөөмөр” техникийн зах, ”Цайз” захын уулзвараас “Да хүрээ” зах болон Шархадын зам дагуух бүх автомашин техникийн худалдаа, үйлчилгээний газрууд, 100 айлын орчмын барилгын материалын бүх дэлгүүрүүд, “Мишээл экспо” төв тус тус амрах юм. Харин дөрөвдүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд дээрх төвүүд ердийн хуваарийн дагуу ажиллах бол дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Мишээл экспо” төв амарна.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ