МАНАН-гийн туузыг Н.Энхбаяр хайчилж хаяна

Н.Алтанхуягийн тэргүүлж байгаа Шинэчлэлийн Засгийн газрыг татан буулгах гэсэн хүсэл эрмэлзэлтэй олон хүн байгаа. Ганц сөрөг хүчин болох МАН ч биш. Ардчилсан нам дотор ч энэ асуудлыг хөндөж, хор найруулж суугаа эрхмүүд ч бий. Ерөнхий сайдын суудал нь дэнжигнэж байхад намын хэдэн нөхөд нь жигүүр байгуулан намын даргын суудлыг нь хүртэл ганхуулж эхэллээ.

Үүнтэй зэрэгцэн дараагийн засгийг хэн тэргүүлэх вэ гэсэн асуудал Ардчилсан нам дотор хүчтэй яригдаж, хоёр эрхмийн нэр урьдчилсан байдлаар тодроод байгаа. ҮХАА-н сайд Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хоёрын аль нэг тэргүүлэх нь тодорхой гэсэн таамаглал байгаа. Таамаглалыг ч зарим нэгэн зүйл баталж байгаа. Гэтэл энэхүү асуудал яригдаж эхэлсэнтэй холбогдуулан МАН-ынхан шалавхан хөдөлж, хамтарсан засаг барих төлөвлөгөө боловсруулан АН-ын зарим нэгэн эрх бүхий албан тушаалтантай уулзаж, аман гэрээ байгуулаад байгаа хэмээн сураг ч бий.

Ийнхүү МАНАН-гийн Засгийн газар дахин байгуулагдах нь гэсэн хардлага ард иргэдийн дунд ч улс төрийн хүрээнд ч үүсээд байна. Гэхдээ энэ удаад МАНАН бус АНМАН болж байгуулагдана. Үсгийн байрлал л өөрчлөгдөж байгаа болохоос биш өмнөхөөс ялгараад байх онц гойд юм байхгүй.

Өмнө нь байгуулагдсан МАНАН-гийн Засгийн газрыг бүгд л шүүмжилж, бас чичлэж байсан. Тэр ч утгаараа удаан оршин тогтнож чадаагүй. Гэтэл дахин ийнхүү МАНАН-гийн Засгийн газар дахин байгуулагдаж магадгүй гэсэн ярианд зарим нэгэн улс төрийн нөлөө бүхий эрхэм ундууцаж байна. Энэ талаарх мэдээллийг намын даргадаа УИХ-ын дэд дарга Л.Цог, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, БОНХ-ны дэд сайд Б.Тулга нар хүргэж байгаа.

Хэрвээ МАНАН байгуулагдвал МАХН-д л халтай. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны үр дүнд МАХН-ын нөхдүүд энд тэнд хурган дарга нар болоод байгаа. МАХН-ыг өнөөдрийг хүртэл тогтоон барьж байгаа зүйл бол Шинэчлэлийн Засгийн газар. Пропорционалийн алдаа хэмээх тодотголтой нэр бүхий хэдэн гишүүд байгаа. Гэхдээ тэдний үүрэг нөлөө нэг их байхгүй. МАХН МАНАН-гийн дор замхарна гэдгийг намын удирдлагууд ч нийт ард түмэн ч мэдэж байгаа. Ийм учраас ундууцаж эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан даруй эмчилгээ хийлгэхээр БНСУ-г зориод байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр л МАНАН-гийн хувь тавиланд нөлөөлж чадах эр. Тэр ч утгаараа эмчилгээгээ хийлгээд эх орондоо ирсэн даруйдаа МАНАН-гийн туузыг нэг мөсөн хайчилж, баруун зүүн халаасандаа баттай гэгчийн хийх супер төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ