Б.Цогтгэрэл Ерөнхийлөгчид хандахаар боллоо


Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Цогтгэрэлд холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлжээ.
Б.Цогтгэрэл нь иргэн Р.Улаанхүүгийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор 2012 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр www.tsag.mn интернэт мэдээллийн сайтаар "Орхон аймагт ялсан Ардчилсан намын төлөөлөгч Р.Улаанхүү гэгч этгээд хүний амь хөнөөв" гэсэн гарчигтай илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан байна.
Дашрамд дурдахад Б.Цогтгэрэлийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаан эхлэхэд тодорхой шалтгаангүйгээр ирээгүй байсан аж. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх хуралдаанд зөвхөн өмгөөлөгч оролцох эрхтэй ч энэ хуралдаандБ.Цогтгэрэл өөрөө байлцаж, шүүх хуралдааныг ажигласан байна. Харин энэ талаар Б.Цогтгэрэлээс тодруулахад “Өмгөөлүүлэх эрх маань нээлттэй байгаа. Гэтэл надад тэрхүү эрхийг олгосонгүй. Үүнд л их гомдолтой байна. Тиймээс би энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана. Түүнчлэн МАН-ынхаа бүлэгт, Үндсэн хуулийн цэц, УИХ дахь Өргөдөл гомдлын байнгын хороонд өргөдөл гаргана гэж бодож байна. Өмгөөлөгчгүй бол тухайн шүүх хурал хүчингүй болох учиртай. Надад хоёр хувийн өмгөөлөгч байсан. Мөн шүүх хурал дээр миний танихгүй шинэ прокурор ирчихсэн байна лээ. Уг нь надад шүүх хурал болохоос өмнө энэ тухайгаа мэдэгдэх ёстой. Шүүхийн шийдвэрийг хэвээрүлдээсэн нь хамаагүй. Би ямар хэрэг хийсэн биш. Хамгийн гол нь өмгөөлөгчгүй асуудлыг хэлэлцсэнд гомдолтой байна” гэлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ