Манай тамирчид 14 медаль хүртээд байна


БНХАУ-ын Тяньжинд Зүүн Азийн наадам үргэлжилж байна. Монгол Улс хөнгөн атлетик, хүндийг өргөлт, буудлага, таеквондо төрлөөс хоёр мөнгө, таван хүрэл медаль нэмж хүртсэнээр нийт 14 медальтай боллоо.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 1500 м-т Н.Мөнхбаяр хүрэл медаль хүртээд байсан бол өнөөдөр гавьяат тамирчин Б.Сэр-Од 5000 м-т мөнгөн медаль хүртлээ. Б.Сэр-Од өнөөдөр Зүүн Азийн наадмын 5000 м-т 14:28.24 минутын амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Энэ зайд Японы Хоши Сохита 14:25.00 минутын амжилтаар алтан медалийг, БНСУ-ын И Жун Жон 14:30.57 минутын амжилтаар хүрэл медаль хүртлээ.
ДАШТ-нд зургаан удаа, oлимпийн их наадамд гурван удаа эх орноо төлөөлөн оролцсон гавьяат тамирчин Б.Сэр-Од энэ оны хоёрдугаар сард Хонконгт болсон Азийн марафон гүйлтийн АШТ-нд түрүүлээд байсан бол Зүүн Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 5000 м, 10000 м-т оролцсон ОУХМ Б.Отгонбаяр IV, V байр эзэлж, дээрх зайдаа үндэсний рекордоо шинэчилж, Г.Хишигсайхан хүрэл медаль хүртлээ.
Зүүн Азийн VI наадмаас хөнгөн атлетикийн тамирчин Эмэгтэйчүүдийн 800 м-ийн шигшээ уралдаан өчигдөр болсон бөгөөд БНХАУ, БНСУ-ын тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бол Г.Хишигсайхан (2:16.28 минут) хүрэл медаль хүртсэнээр Монголын медалийн тоог ахиуллаа.
Зүүн Азийн VI наадамд Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийг Ч.Болдбаатар ахалж, дасгалжуулагчаар Х.Уянга, А.Амгалан нар ажиллаж байгаа. Энэ наадамд эмэгтэй гурав, эрэгтэй долоон тамирчнаа илгээсэн.
Өнөөдөр 4х400 м-ийн багийн эрэгтэй буухиа уралдаанд оролцсоноор хөнгөн атлетикийн тамирчдын уралдаан өндөрлөх юм. Эрэгтэйчүүдийн 100 м-ийн шигшээ уралдаан өчигдөр болж, Б.Ачитбилэг 10.84 секундын амжилтаар VIII байр эзэлжээ.
Энэ зайд БНХАУ тамирчин тэргүүлж, Японы тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. Зүүн Азийн VI наадамд Монголын баг өнөөдрийн байдлаар хөнгөн атлетик, хүндийг өргөлт, таеквондо болон ушу төрлөөс нийт хоёр мөнгө, арван хүрэл медаль хүртээд байна. Одоогоор 158 медаль эзэндээ очоод байгаагаас БНХАУ 26 алт, 18 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон /9+7+13/, БНСУ /6+13+14/ улсууд удаалж байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ