141.1 тэрбум төгрөгийн тендерүүдийг дагасан но-той танилц!

Төсөв мөнгөний асуудал хүндрээд байгаа талаар амтай албан тушаалтан болгон ярьж байна. Ингэхдээ нөхцөл байдал хүндэрсэн асуудлыг хүнтэй бус өнөөгийн тогтолцоотой холбон ярьж хариуцлагаас хол суугчид олонтаа байна. Ер нь бол төрийн нэрээр түмний эрх ашгийг төлөөлж суугаа нөхдүүдтэй их асуудал холбогдоно гэдгийг хэлмээр байна. Бэрхшээл үүсээд эхлэхээр зардлаа хэмнэе, гамная энэ тэр гэж яриад байдаг. Анхнаасаа зөв тийш хөрөнгө мөнгийг залж бас хэмнэж чадсан бол байдал өөр байж болох. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хүрээн дэх Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг харж байхад зөндөө но байгаа юм. Холбогдох байгууллагын хяналт шалгалтаар зарим үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг бэлтгэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааны явцад алдаа гаргаж, тендерийг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг орхигдуулж ирсэн нь тогтоогдсон байна. Тухайлбал, улсын төсвөөс Улаанбаатар хотод олгох санхүүгийн дэмжлэгээр 2012 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 55 үнэлгээний хороог байгуулснаас НЗД-ын захирамжаар 49, эрх шилжүүлэн авсан холбогдох байгууллагын даргын тушаалаар 6 үнэлгээний хороог тус тус байгуулсан байна. Зарим үнэлгээний хорооны бүрэлдэхүүн нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 47.66-д заасан Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх гэсэн шаардлагыг хангадаггүй байна. Жишээлбэл: НЗД-ын 2012 оны А/28, А/363 тоот захирамжаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих 1.7 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг УСУГ-ын даргад шилжүүлсэн. УСУГ-ын даргын 2012 оны А/45, А/38, А/116 тоот тушаалаар үнэлгээний хороог байгуулж, үнэлгээний хорооны дарга, гишүүдийг томилсон байдаг.
Харин Үнэлгээний хорооны гишүүн Я.Оюунсүрэн, Л.Алтангэрэл, Г.Гансүрэн, С.Алтантуяа, Л.Болдбаатар, Т.Даваасүрэн, Ч.Батзориг, Д.Анхбат, Ш.Ганзориг, У.Лхамсүрэн, С.Буурцаг нар худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшээгүй, нийт гишүүдийн 65 хувь нь сургалтанд хамрагдаагүй байсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байгаа юм. Энэ нь тендерийн баримт бичгийг бэлтгэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааны явцад алдаа зөрчил гарах үндсэн нөхцөл болж байгааг ч холбогдох байгууллагаас анхааруулсан байна. Түүнчлэн өнгөрсөн онд Үнэлгээний хороодоос зарласан нийт 152 сонгон шалгаруулалтаас 141.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 142 төсөл арга хэмжээг нээлттэй, 43.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 төсөл арга хэмжээг онцгой журмаар явуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байгаа юм.
Тендерийг үр дүнтэй үнэлж хамгийн өндөр үнэлэгдсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан уу? гэдэг асуудлыг авч үзвэл: Үнэлгээний хороо тендерийг хянах, үнэлэх үйл ажиллагаанд хууль тогтоомжийн холбогдох зарим заалтыг мөрдөөгүй, тендерийг үр дүнтэй үнэлж чадаагүй байна гэсэн дүгнэлтийг аудитын газар гаргажээ.
Тухайлбал, НЗД-ын 2012 оны А/66,А/127 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь тендерийг үнэлэхдээ тендерийн үнэлгээний заавар, тухайн үнэлгээний хорооноос боловсруулсан тендерийн баримт бичиг, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй байна.Тендерт шалгарсан байгууллагуудын тухайн тендерт ирүүлсэн материалыг түүвэрлэн үзэхэд үнэлгээний хороо тендерийн материалыг /ерөнхий нөхцлийг магадлах, санхүүгийн болон техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх/ бүрэн хянаж үзээгүй байгаа нь тогтоогджээ.Тухайлбал:
1. “Хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах” ажлын гүйцэтгэгчээр /4 байгууллага/ шалгарсан “Органик солюшн” ХХК нь барилга угсралтын тусгай зөвшөөрөлгүй, “Анусервис” ХХК барилгын ажил гүйцэтгэхэд зайлшгүй байх ажлын ажилбар шаардлага хангаагүй, “Хангайн нар” ХХК, “ЭСК инженеринг” ХХК нь зураг төслийн ажил боловсруулахад зайлшгүй байх ажлын ажилбар шаардлага хангаагүй байна.
2. “Сэлбэ гол, дунд голын 2.6 км үерийн далангийн засвар, шинэчлэлтийн ажил”-ын шалгарсан “Монгол менежмент Төв” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тендерт ирүүлж буй үнийн саналын 50 хувь буюу 775.4 сая төгрөг байх чадварын шалгуурын доод үзүүлэлтийг хангаагүй байна.
3. “38 дугаар бохир усны коллекторын өргөтгөл шинэчлэлт, угсралтын ажилд шалгарсан түншлэлийн төлөөлөх эрх бүхий “Модерн” ХХК /борлуулалтын орлого нь 2009 онд 20.8 сая, 2010 онд 25.2 сая, 2011 онд 194.0 сая, 3 оны дундаж 80.0 сая/, “Универсүм” ХХК /борлуулалтын орлого нь 2009 онд 95.3 сая, 2010 онд -48.6 сая, 2011 онд 85.1 сая, 3 оны дундаж 76.3 сая/, “Мөрөөдлийн шугам” ХХК /борлуулалтын орлого нь 2009 онд 53.2 сая, 201 онд 94.6 сая, 2011 онд 162.4 сая, 3 оны дундаж 103.4 сая/-иудын борлуулалтын орлогын дундаж 259.7 сая төгрөг болж /оролцогчдын тендерт ирүүлсэн үнийн санал 1015.0 сая төгрөгийн 40 хувь буюу 406.0 сая төгрөгөөс 146.3 сая төгрөгөөр дутсан/ байгаа нь ТББ-д “Тендерт оролцогчийн 2009, 2010, 2011 оны гүйцэтгэсэн ажлын дундаж өртөг нь тендерт ирүүлж буй үнийн саналын 40 хувиас дээш байх шаардлагатай“ гэж заасныг хангаагүй байна.
4. “3, 4 дүгээр хорооллын үерийн хамгаалалтын 1 км сувгийн ажилд шалгарсан “Эм даблю Ти” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь /гүйцэтгэсэн ажлын дундаж өртөг нь 2009 онд 5.0 сая, 2010 онд 26.6 сая, 2011 онд 146.2 сая, 3 жилийн дундажаар 59.3 сая, тендерт ирүүлэх үнийн саналын 50 хувийг буюу 79.8 сая төгрөгөөсс 20.5 сая төгрөгөөр дутуу/ Үнэлгээний хорооны боловсруулсан ТББ-ын “Тендерт оролцогчийн 2009, 2010, 2011 оны гүйцэтгэсэн ажлын дундаж өртөг нь тендерт ирүүлж буй үнийн саналын 50 хувиас дээш байх шаардлагатай“ шаардлагыг хангаагүй байна.
5. “Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруугийн зам дагуух нийтийн эзэмшлийн орон сууцны барилгуудын фасад, өнгө үзэмж, орчны тохижилтийн 10 ажлаас 1 ажил шаардлага хангаагүй.
“Өгөөмөр баян дэнж” ХХК нь БГД-ийн татварын /2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2612010169 дугаартай тодорхойлолт/ албанд 2011 оны санхүүгийн тайлангаар үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан гаргаж өгсөн байна.
6. “Нийтийн зориулалттай орон сууцны дээврийн засварын /БЗД-5, БГД-8, ЧД-6, СБД-6, СХД-6, ХУД-2, БНД-3, НД-2, БХД-2/ 40 ажлаас “БЗД-ийн “Хайрхан” СӨХ-ны 25 дугаар байрны дээврийн их засварын ажилд “Монор Улз” ХХК-ийг ТББ-ын “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо 2 буюу 2010, 2011 он байна” шаардлагыг хангаагүй, /2010, 2011 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй/, мөн харъяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолтгүй байна.
7. Гачуурт эх үүсвэрийн 7.2 га газарт хамгаалалтын хашаа барих ажлын тендерт “Бөртэтрейд” ХХК оролцохдоо “тендерийн бичиг баримтын 17.6-д ”...Энэ гэрээ болон бусад үндэслэлээр гүйцэтгэгчийн төлөх ѐстой бүх татвар хураамжийг тендер хүлээж авах эцсийн хугацаанаас 14 хоногийн өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг үндэслэн тендерийн үнэд багтаасан байна...” гэсэн заалтыг зөрчсөн” НӨАТ оруулж тооцоогүй үнийн санал ирүүлсэн байхад үнэлгээний хороо нь гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан байна.
Үргэлжлэл бий...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ