Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчжээ

Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар иргэн Ц.Мөнхбатаас ирүүлсэн өргөдлийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Цэцийн гишүүн П.Очирбат, Ц.Сарантуяа, Д.Сугар, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн бөгөөд тус хуралдаанд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс оролцож, байр суурийг илэрхийлэх ёстой байсан Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хууль зүйн Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг хянан хэлэлцээд:
“Хууль тогтоогч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно” хэмээн хуульчилснаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхөөс татгалзсан шүүгчийн захирамжид хорих ял эдэлж буй иргэн хүн давж заалдах гомдол гаргах боломжгүй болгосон байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийн хязгаарлаж, шүүхийн шатанд процессын журам зөрчигдсөн, эсхүл тухайн шийдвэрийн үндэслэл буруу гарсан тохиолдолд дахин хянуулах боломжийг хаажээ” хэмээн үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байна гэсэн Дүгнэлт гаргалаа.
Улмаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтын үйлчлэлийг өнөөдрөөс эхлэн зогсоохоор шийдвэрлэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ