12 гэмт этгээдийн долоо нь сурагч байжээ

Говьсүмбэр аймгийн хэмжээний эрүүгийн нөхцөл байдлыг энэ оны гуравдугаар улирлын байдлаар судлахад зарим сум, албан газарт үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс өссөн байна. Тэр тусмаа сургуулийн насны хүүхдүүд олноор гэмт хэрэгт холбогдсон, зарим албан газрын ажилтнууд архидан согтуурсны улмаас ажлын байран дээрээ нэг нь нөгөөгөө алсан зэрэг онц хүнд гэмт хэрэг гарчээ.

Мөн нэг байгууллагаас олон хүн гэмт хэрэгт холбогдсон газруудыг сонгон Монгол Улсын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх ,сурталчлах үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан байна.

Шалгалтын явцад хийсэн судалгаагаар энэ оны эхний есөн сарын байдлаар Шивээговь суманд 12 этгээд 10 гэмт хэрэг үйлдсэний долоон холбогдогч нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байсан аж.

Аймгийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн Зүүн өмнөд бүсийн Чойр хэсгийн ажилчид эрчим хүчний шугам шинэчлэхээр хөдөө ажлаар явж байхдаа архидан согтуурч нэг нь нөгөөгөө хутгалж алсан гэмт хэрэг үйлдэгдсэн, зарим газрын ажилчин албан хаагчдаас архидан согтуурсны улмаас олон хүмүүс баривчлагдаж захиргааны арга хэмжээ авагдсан зэргийг харгалзан Шивээговь сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, тус сумын Ерөнхий боловсролын гуравдугаар ахлах сургууль, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн Зүүн өмнөд бүсийн Чойр хэсэг гэх мэт хэд хэдэн газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2013 онд ямар ажил зохиосныг шалгахад тэдгээр газруудын удирдлагуудын зүгээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой ажил зохиогоогүй, хэрэг зөрчилд холбогдогсдын судалгаагүй, зарим газарт нь бүтэн жилдээ зохиох ажлын төлөвлөгөө ч гаргаагүй байна.

Иймээс аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нутгийн захиргааны удирдлагаас болон албан газрын дарга удирдлагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэхийг шаардаж, хуулийн хэрэгжилтийг хангуулах, өмнө нь гарсан гэмт хэрэгт нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулж цаашид дахин давтагдахгүй байхад чиглэгдсэн ажил зохиолгохоор нийт таван байгууллагын удирдлагуудад хандан прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ