УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын дүү хууль зөрчсөн үйлдлээ нуух гэж байна

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын төрсөн дүү Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Содхүү амины зориулалтаар зөвшөөрөл авсан газраа бетон зуурмагийн үйлдвэр барьж, анх авсан зөвшөөрлөө өөрчлөхөөр санаархаж байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхор тосгонд 24342 ам метр газрыг таван жилийн хугацаатай, амины орон сууцны зориулалтаар эзэмшнэ хэмээн мэдээллийн санд бүртгүүлжээ.
Гэвч тэрбээр уг газарт гэрээнд заасан зориулалтаар амины орон сууц барилгүй “Жидиконкрит” ХХК-иар бетон зуурмагийн үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгүүлж байгаа аж.
Тэрбээр ийнхүү үйлдвэрээ барьсан даруйдаа амины орон сууцны, үйлчилгээний болгон өөрчлөхөөр санаархаж эхэлсэн бөгөөд албан хүсэлтээ ч өгөөд байгаа аж.
Гэтэл энэхүү хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэрийг Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа гаргажээ. Тэрбээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчин “төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаас баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдал, ерөнхий үнэлгээ хийлгэлгүй үйл ажиллагаа явуулж болно” гэсэн дүгнэлт гаргажээ.
Түүний энэхүү үйлдэл нь Газрын тухайхуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт гэрээнд заасан гэрээний дагуу уг газрыг эзэмших, ашиглах заалтыг зөрчиж байгаа юм. Энэхүү заалтыг зөрчсөн бол газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгох заалттай.
Ийнхүү төрийн албыг түшилцэж байгаа эрхэм хууль зөрчин, тэрхүү үйлдлээ нуун дарагдуулах гэж байгааг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авах байх аа.
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын дүү Ц.Содхүү нь Эрүүгийн хуулийн 98.1, 156.2 гэсэн зүйл ангиар 2.6 жилийн ял сонссон байна. Гэсэн ч тэрбээр давж заалдан 2009 онд батлагдсан Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан юм. Тэрбээр анхан шатны шүүх хурлын дараа Цагдан хорих 461 дүгээр ангид сар гаруй хугацаанд саатуулагдаж байжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ