Улсын өмчийг өөрийн нэр дээр шилжүүлжээ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга асан Л.Атар нь утаагүй Улаанбаатарын төлөөх төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байсан ажлуудын нэг болох нэн ядуу иргэдэд очих ёстой гэрийн дээвэр туургыг гувчуулсан. Мөн гэр бүл, ах дүү, хамаатан саднаа өөрийн хороон дээрээ бүртгэсэн. Нийтдээ найман хүнийг ийнхүү бүртгэсэн. Гэтэл тухайн хороонд бүртгэлтэй боловч хаягийн дагуу шалгахад тийм хүмүүс байдаггүй. Мөн 200 гаруй иргэний нэр дээр хуурамч бичиг баримт үйлдэн төслийн зуухыг авсан байна.
Тухайлбал, хоёр жилийн өмнө нас барсан нэгэн иргэний нэр дээр төслийн зуух авсан байсныг хожим мэджээ. Учир нь “Хасбанк”-наас төслийн зуух авсан иргэн рүү залгажээ. Гэтэл хоёр жилийн өмнө нас барсан эмээгийн утсанд “төслийн зуухаа хэрэглэж байна уу” гэсэн дуудлага ирсэнд хүүхдүүд нь гайхаж одоогийн Засаг даргадаа хандсан байдаг. Энэ мэтчилэн хохирсон иргэд ар араасаа цуварч, хохирлоо барагдуулахыг хүссэн байна.
Үүнээс гадна 2009 онд “НАС” төслийн хүрээнд тус хорооны Засаг даргын Тамгын газарт иж бүрэн гурван компьютер, хоёр принтер зэргийг эрх мэдлээ ашиглан гувчуулсан нь эхний шалгалтаар тогтоогдоод байгаа.
Энэ мэт хууль бус үйлдэл нь илэрч байгаа тэрбээр мөн л улсын өмч хөрөнгийг хувьдаа ашиглаж байсан нь тогтоогдоод байна. Учир нь 21 дүгээр хорооны Засаг даргын Тамгын газарт улсын хөрөнгөөр авч өгсөн автомашиныг хувьдаа ашиглаж байсан учир хуулийн байгууллагаас битүүмжилсэн байна. Энэхүү автомашиныг буцаан 21 дүгээр хороонд олгох гэсэн боловч тэрбээр өөрийн нэр дээр шилжүүлсэн байжээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг тухайн үед Л.Атарыг өөрийн нэр дээрээ шилжүүлэх зөвшөөрлийг өгсөн байна.
Мөн хэргийг шалгах явцад УИХ-ын гишүүний өгсөн хөрөнгө мөнгийг хувьдаа авсан нь тогтоогдсон учир нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ.
Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ