Бэлэн хоолноос ходоод нь цоорсон хүүхдүүд хагалгаа хийлгэлээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргийн эмнэлгүүдэд ходоод нь цоорсон хүүхэд олноороо ирэх болжээ. ЭХЭМҮТ-ийн мэс заслын тасагт ийм хагалгаа хийлгэсэн хүүхэд өнөөдрийн байдлаар гурав байна. Хэдэн жилийн өмнө ийм оноштой хүүхэд ганц, нэг байснаа одоо бүр хоёр, гурвуулаа ч ирдэг болсон нь эмч нарын анхаарал ихээр татах болжээ. Тийм хагалгаанд орсон хүүхдийн сахиурууд “Яах гэж хүүхдэдээ бэлэн хоол, гоймон идүүлж байв аа. Тэр чипс, шоколадуудыг ч гэсэн” хэмээн халаглацгаана. Зарим нь бүр “Гоймондоо” гэх газрыг ч хараах ажээ.
Манайхан ч санаа амар улс л даа. Хүүхэд гэлтгүй, томчууд нь хүртэл амар, хялбарыг бодон бэлэн хоол, гоймонгоор хооллохыг нь яана. Юмны үнэ нэмэгдэж, хоол, хүнс дийлдэхгүй болж буй нь нөлөөлдөг л биз. Дөрөв, таван мянган төгрөгөөр усан шөл идсэнээс 1000 төгрөгөөр гоймон цохичих нь эдийн засгийн талаасаа хэмнэлттэй нь мэдээж. Гэхдээ эрүүл мэндэд ямар бол гэдгийг болгоомоор доо. Энэ талаар ярьсаар, бичсээр атал санаа авахгүй шүү. Үнэнийг хэлэхэд “Гоймондоо” гэдэг гай хаанаас гараад ирэв гэмээр санагдана. Гоймонгоос болж ходоод нь өвдсөн хүүхдүүдийн зовиурыг сонсоход янз бүр байх.Ихэнхийнх нь өвчин тун аажим эхэлжээ. Ходоод хавьцаа цанхайх, хааяа базлах, гүйлгэх гээд л ерөнхий шинж илэрдгийг хэллээ.
Эмнэлэгт хагалгаа хийлгэсэн хүүхдүүд өдөрт хоёроос гурван удаа бэлэн гоймон юм уу, хоол иддэг байснаа ярьжээ. Ходоод нь цоорч хагалгаа хийлгэсэн хүүхдүүдийн хувьд ийм байна. Хагалгаа хийлгээгүй болохоос ходоод нь үрэвссэн хүүхэд, том хүн хэд байдгийг хэн мэдэхэв. Ходоодны үрэвсэл шархлаа болдог, тэр нь хорт хавдарт шилждэгийг л харин баттай хэлэх байна даа. Дээрх эмнэлгийн эмч нар бэлэн гоймонгоос гадна хийжүүлсэн ундаа ямар их хортойг ярина билээ. Мэдсээр байж тэгээд хүүхдүүдээ хордуулсаар байх юм уу. Импорт энэ тэрд нь хяналт тавьж болохгүй гэж үү.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ