Нярайн үхэлд хэн буруутай вэ

Энэ сарын 1-ний өдөр зургаан сартай нярай эндсэн харамсалтай хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарлаа. Тодруулбал, А хэмээх зургаан сартай охин хатгаа авч дүүргийнхээ эмнэлэгт 16.30 цагт очжээ. Түүнийг нярайн эмч Н.Мажигсүрэн хүлээн авч, өвчний түүх нээн хоёр давхарт байрлах нярайн тасагт очихыг зөвлөсөн байна.
Энэ үеэр тус эмнэлэгт дараалал ихтэй байсан бөгөөд 217 хүүхэд эмчлүүлж байсан аж. Тиймээс заримд нь эмнэлгийн ор, дэр хүрэлцээгүйн улмаас коридорт байрлаж байжээ. Энэ байдлыг харсан А охины эцэг эх “Бид хүүхдээ ийм нөхцөлд хэвтүүлэхгүй. Бидний ээж эмч хүн” гээд охиноо аваад гарч одсон байна.
Гэтэл охин нь тэр шөнөдөө халуурч өвдсөн учраас шөнийн 04.00 цагт Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд очжээ. Гэтэл нялхаст тусламж үзүүлэх ёстой тус эмнэлгийн эмч нар охиныг үзээд “Дүүргийнхээ эмнэлэгт очиж хэвт. Манайд хэвтэх боломжгүй” хэмээн буцаасан байна.
Улсын эмнэлгийн зуршил болсон байдал, эмч нарын хүнд суртал бяцхан охиныг ийнхүү үхэл рүү нь алхам алхмаар ойртуулжээ. Охины эцэг, эх дүүргийн эмнэлэг рүү буцахад хол байсан тул Эх нялхасын эмнэлгийн дэргэдэх “Гурван гал” эмнэлэгт очсон ч тус эмнэлэг хаалттай, жижүүр эмч нь байхгүй учир хүлээн авах боломжгүй байжээ.
Тиймээс тэд охиноо аван Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 06.30 цагт ирсэн гэнэ. Тэднийг Н.Мажигсүрэн эмч хүлээн авсан бөгөөд тэрбээр “Хүүхдийн чинь өвчний түүх дээр байгаа. Хоёр давхарт гар” гэжээ. Тэгээд охиныг сэхээнд оруулалгүй ердийн эмчилгээ хийсэн байна.
Энэ үеэр охин эцэг эх болон эмч нарын үл ойлголцлоос болж, олон цаг эмчилгээгүй нааш цааш явсан тул охины хатгаа сэхээний тасагт орох хэмжээнд хүрч хүндэрсэн байжээ.
Гэвч хүлээн авсан эмч нь сэхээнд оруулалгүй ердийн эмчилгээ хийж байсан байна. Харин тухайн үед ажиллаж байсан сувилагч Н.Хишигжаргал охиныг хараад бие нь тааруу байгааг мэдэж, сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлжээ.
Гэтэл охин сэхээний тасагт ороод удалгүй амьсгаа хураажээ. Ийнхүү эмнэлгийн салбарт лавширсан байдаг л нэг асуудлууд буюу өнөөх л ор дэрний хүрэлцээгүй байдал, улсын эмч нарын ачааллаас зугатаж бие бие рүүгээ дамжуулан эмнэлгээс эмнэлэг рүү түлхдэг хэвийн үзэгдэл шиг болсон гутмаар араншин хорвоод хүн болж ирээд зургаахан сар болсон нярайг үхэл рүү нь түлхсэн байна.
Охины үхэлд хэн буруутай вэ
Одоогийн байдлаар охины эцэг эх хүүхдийнх нь биеийг тааруу байхад сэхээнд оруулсангүй нь Н.Мажигсүрэн эмчийн буруу хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүгээс Н.Мажигсүрэн эмчид гурван сарын хугацаанд цалинг нь 20 хувь торгохоор болжээ. Н.Мажигсүрэн эмч нь 30 гаруй жил хүүхдийн эмчээр ажилласан туршлагатай нэгэн аж.
Охины үхэлд хэн буруутай вэ. Ор дэргүй ч коридорт нь байрлаад охиноо эмчлүүлээгүй эцэг эх үү, хүндэрсэн нярай аврал тээн ирсэн байхад ямар ч тусламж үзүүлэлгүй үхэл рүү нь түлхсэн Эх нялхасын эмч нар уу, биеийн байдал нь хүндэрчихээд байхад шууд сэхээн амьдруулах эмчилгээ хийгээгүй дүүргийн эмнэлгийн эмч нарын буруу юу.
Хэнийх нь ч буруу байсан хүний орчлонгийн хаалгаар дөнгөж ороод буцсан нялх охины гомдлыг тайлах гэж үү.
Эмч нарын алдаа дутагдал, хариуцлагагүйн харгай, харилцааны соёлгүйн улмаас өдөр бүр иргэд хохирсоор байдаг. Ялангуяа сүүлийн үед эмч нар нялх үрсэд маань тун ч халгаатай болсон нийгмийн өмнө хүнд асуудал болон хувирч байна. Дээр дурдсан харамсалтай явдлаас хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт мөн л үүнтэй төстэй шаардлагатай эмчилгээгээ цаг алдалгүй авч чадаагүйн улмаас гурван настай охин эндээд байв.
Тэгвэл дахиад л эмч нарын оролцоо бүхий, нийгмийг цочроосон бяцхан хүүхдийн эндэлт ар араасаа давтагдсаар байна.


Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ