Н.Энхбаярыг баривчилсан цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэнэ

МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-нд хүчний байгууллагынхан албадан баривчилж цагдан хорьсон. Тэрбээр гурван шатны шүүхээс ял сонсч, өнгөрсөн наймдугаар сарын 1-нд Өршөөлийн тухай хуульд хамрагдан суллагдсан юм. Харин өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа тэрбээр он гараад эх орондоо ирэх талаар эх сурвалж мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард саатуулагдахад түүнд хүч хэрэглэж, эрүү шүүлт тулган, айлган сүрдүүлж албадан баривчилж мэдүүлэг авсан АТГ-ын мөрдөн байцаагчид болон цагдаагийн байгууллагын нэр бүхий хэд хэдэн албан хаагчдыг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгахаар болсон хэмээн эх сурвалж мэдээллээ. Учир нь, тэднийг тухайн үед хүний эрхийг ноцтой зөрчиж, эрүү шүүлт тулгаж эрхэнд нь халдсан гэх үндэслэлээр буруутгаж, хариуцлага тооцох асуудал түүнийг суллагдахаас өмнө яригдаж байсан аж. Энэ талаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Баривчлах үед нь Монгол Улсын хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн байсан. Энэ асуудлыг манайхаас шалгаж, Мөрдөн байцаах албанд хариуцлага тооцох талаар хүсэлт хүргүүлсэн. Одоогоор ямар нэгэн хариу тайлбар ирээгүй байна” гэв.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ