Ш.Батхүүг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан, “Хадгаламж” банк дампуурсан хэрэгт “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулаад хоёр сар гаруй хонож байгаа юм. Тодруулбал, Ш.Батхүүг Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног хорих тогтоол гаргасан ч мөрдөн байцаагчийн хүсэлтээр үргэлжлүүлэн хоёр сар хорьж шалгах шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл уг хуулийн хугацаа ирэх долоо хоногт дуусч байгаа бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэхээр болжээ. Мөн уг хэрэгт Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, “Улаанбаатар Төмөр зам”-ын дарга асан Т.Очирхүү нараас гэрчийн мэдүүлэг авчээ. Д.Сугарыг ТӨХ-ны даргаар ажиллаж байсны хувьд гэрчээр дуудсан байна. Харин энэ талаар Д.Сугар “Би ямар нэг гэрээнд баталгаа гаргаж гарын үсэг зураагүй. Хоёр улсын хамтарсан компаний өмч хөрөнгийн талаар том толгой гаргах эрх байхгүй гэдгээ хэлсэн” гэжээ.Харин Т.Очирхүүгийн хувьд Улсын мөрдөн байцаах газарт очиж гэрчийн мэдүүлэг өгсөн ч энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тэрбээр “Бие тааруу, эмнэлэгт хэвтэж байна. Тийм учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг тайлбарыг өглөө.

Т.Очирхүү, Д.Сугар нараас хуулийнхан мэдүүлэг авах болсон шалтгаан нь “Жаст” группийг 2007 онд Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас их хэмжээний зээл авахад нь “Улаанбаатар төмөр зам” ТӨХК болон ТӨХ-ны удирдлагууд баталгаа гаргаж байсантай холбоотой гэсэн юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ