Үүл дарга аа, ганц л борооны ая даасангүй

Манай улсын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол автозам. Жил бүр улсын төсвөөс чамгүй их хөрөнгө тусгаж, Улаанбаатар хотын автозамын шинэчлэл болон засварын ажлыг гүйцэтгэдэг. Гэтэл хамгийн багадаа гурван жилийн баталгаа өгч, улсын комисст хүлээлгэн өгдөг боловч ганц л борооны ая даахгүй, гамшиг болдог. Энэ бол манай улсын автозамын эмгэнэл. Тэрбум тэрбумаар нь мөнгө булдаг ч үр дүн нь энхэл донхол, эвдэрхий цоорхой, хэл ам, хэрүүл тэмцэл.
“Чингис” бонд гаргаж улсын төсвийн халаасыг түнтийлгэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг автозамын шинэчлэл болон зам засварын ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, замын компаниудад хангалттай санхүүжилт хийнэ хэмээн бахдалтайгаар мэдэгдсэн. Гэтэл энэ их хөрөнгө мөнгө нэг л борооны устай урсан одлоо.
Түүний нэг бол Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүртэлх зам. Нийтдээ 5.7 тэрбумын хөрөнгө оруулалттай 2.8 километрийн замын ажил дуусаад сар гаруй л хугацаа өнгөрч байна. Гэтэл уржигдрын орсон усан борооноор Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 метр замд олон газар хагарч, эвдрэл гэмтэл үүсчээ. Уг замын ажлыг "Беринг" ХХК гүйцэтгэсэн.
Тус компани нь 2000 оноос хайрган болон хатуу хучилттай зам, төмөр гүүр, замын байгууламжид хамаарах талбай барих, засах тусгай зөвшөөрөлтэйгээр 12 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд авто замын салбарт тэргүүлэх хэмээн өргөмжилдөг. Гэтэл тэд салбартаа тэргүүлэх байж чадсангүй.
Энэ мэт хариуцлагагүй, чанаргүй замын ажилд цэг тавих ёстой. Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар томилогдсон даруйдаа чанаргүй замын асуудалд бараг л ингээд цэг тавилаа. Хөрөнгө санхүүжилтийн хангалттай өгч өн удаан жилийн настай зам тавиулна гэж байсан. Гэтэл өнөөдөр тавьсан зам нь ийм л байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ