Ц.Туяа өмнөх нөхрөөсөө болж мөн нэг эмэгтэйг хутгалж байжээ

Татварын байцаагч эмэгтэйчүүд нөхрөө булаацалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн. Тэгэхдээ нэгнийгээ 75 удаа хутгалж хөнөөсөн хэрэг олныг цочролд оруулсан.

Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн татварын газарт ажиллаж байсан Ц.Туяа гэгч нь Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э-г нөхөртэйгээ хардсаны улмаас байрны орцонд 75 удаа хутгалж зэрлэгээр хөнөөсөн юм.

Тэрбээр талийгаач Э-г хөнөөхөөр эртнээс төлөвлөсөн бөгөөд түүнийг Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр байранд хуурч аваачин лифтнээс буух үед нь гартаа барьсан хоёр хутгаараа сийчиж хөнөөсөн байдаг.

Энэ тухай тэрбээр “Хэд хэдэн удаа өшиглөсөн. Түүнийг иртэл би есдүгээр давхрын шатан дээр хүлээсэн. Улмаар хэргийн газраас зугтахдаа талийгаачийн цүнхийг нь авч, дээрмийн хэрэг болгож харуулахыг зорьсон.

Харих замдаа хэргийн газраас холгүйхэн гар цүнхийг нь хаяж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хоёр хутгаа нуусан” хэмээн мэдүүлж байв.

Ингээд гэртээ ороод цустай хувцсаа сольж, юу ч болоогүй юм шиг сууж байхад нь УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, НЦГ, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс томилогдсон дэд хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн 20 цагийн дотор Ц.Туяаг илрүүлсэн юм.

Ц.Туяа нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Нийслэлийн 81-р сургууль, 1994 онд “Сэрүүлэг” дээд сургуульд орсон ч удалгүй сольж 1996 онд МУИС-ийг төгсчээ. Хоёрын хоёр сургууль төгссөн дээд боловсролтой бүсгүй 2004 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст ажиллаж, 2009 оноос ажлаасаа гаран гэртээ суужээ.

Түүний ажлаасаа гарах болсон шалтгаан нь бас л хутга шөвөгтэй холбоотой байжээ. Тодруулбал, Ц.Туяа нь Д.Батболдоос өмнө нь нөхөртэй байсан аж.

Гэтэл нөхөр нь өөр эмэгтэйтэй сүүлрэх болсон тул хардалтын шалтгаанаар нэгэн эмэгтэйг хутгалж байжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар танхайрсан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэн Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлж байв. Хуулийн дагуу тэрбээр 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай байсан аж. Гэвч Баянгол дүүргийн шүүхэд уг хэргийг 2000 онд хэлэлцэж, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож байлаа.

Ийнхүү хоёр удаа хүйтэн мэс ашиглаж хүн рүү дайрсан, улмаар хүний амь онц хэрцгийгээр хөнөөсөн түүний сэтгэцийг шалгуулахад “Эрүүл, ял хүлээх чадвартай” хэмээн гарчээ. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 гэсэн зүйл ангиар хэрэг үүсгээд байгаа.

Тус зүйл ангид өс хонзонгийн сэдлээр хүнийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн заасан байдаг. Хуулийн дагуу түүнд 25 жилийн ял эсхүл цаазын ял оноох заалттай. Гэвч манай улс эмэгтэй хүнд цаазын ял оноодоггүй учраас улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн ял оноохоор төлөвлөж байгаа аж.

Харин талийгаач Э-гийн ээж “Миний охиныг хөнөөсөн алуурчинд цаазын ял өг. Манай улс цаазын ялгүй орон. Гэтэл хүмүүс нь нэгнийгээ алаад явж байна. Хийсэн хэрэгт нь тааруулаад цаазын ял оноо. Яаж төрүүлсэн үрийн минь амийг хөнөөж чадав аа” хэмээн өмнөх шүүх хурал дээр бухимдлаа илэрхийлж байсан юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ