Хар тамхийг 5-8 секундэд илрүүлдэг болно

АНУ-д болсон олон улсын хуралд оролцсон ИНЕГ-ын төлөөлөгчид номын дуу сонсохын зэрэгцээ иргэний нисэхийн салбарт нэвтэрч буй сүүлийн үеийн тоноглолуудтай танилцаад иржээ.San Jose хотноо зохион байгуулсан “ACI-NA ANNUAL CONFERENCE & EXHIBITION 2013” хурлаар жижиг нисэх буудлуудын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг даван гарах арга замууд, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, төлөөлөгчдийг иргэний агаарын тээврийн салбарт нэвтэрч буй сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй танилцуулжээ.
Тус хурлын үеэр иргэний агаарын тээврийн салбарын сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн яармаг, худалдааг давхар зохион байгуулж, хуралд оролцогчдыг үйлдвэрлэгч нартай биечлэн уулзаж шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжүүдтэй газар дээр нь танилцах боломжийг бүрдүүлсэн байна. Манай төлөөлөгчид ч өөрийн орны өнөөгийн нөхцөл байдалд тохирохуйц, ашиглахад энгийн, орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан, үр дүнтэй зэрэг үзүүлэлтүүдээрээ илүү анхаарал татсан тоног төхөөрөмжийнүйлдвэрлэгчидтэй уулзаж, судалгаа хийхээр болжээ.
Тухайлбал, нисэх буудлынаюулгүй байдлын чиглэлээр тэсрэх бодис болон хар тамхины төрлийн зүйлсийг илрүүлэх зориулалт бүхий IONSCAN-500DT тоног төхөөрөмжийг сонирхсон байна.Уг төхөөрөмж нь тэсрэх бодис болон хар тамхины төрлийн зүйлсийг 5-8 секундын дотор тодорхойлох чадвартай хамгийн сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмж аж. Мөн аюулгүй байдлын үзлэгийн тоног төхөөрөмж болох HI-SCAN-10080 XCT нь цагт 1800 гаруй ачаа, тээш шалгах хүчин чадалтай бөгөөд 3D хэмжээсээр дүрсийг харуулдаг нь нэг ачаа, тээш шалгахад зарцуулах хугацааг богиносгох, ачаа тээш нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх боломжтойн дээр тэсрэх бодис илрүүлэгчтэй гол давуу талтай гэнэ.
ХБНГУ-ын “Grenzebach Automation GMBH” ХХК-д үйлдвэрлэсэн робот нь бүртгэгдсэн тээшийг контейнер болон тэргэнцэрт ангилан ачаалах, контейнер тус бүрийн жинг тооцоолох чадвартай бөгөөд зай, талбай бага эзэлдэг, зардал бага, бүтээмж өндөртэй, ажлын байрны аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрэн хангасан зэрэг давуу талтай аж. Одоогоор энэхүү тоног төхөөрөмжийг Амстердамын Schiphol, Франкфуртын Rhein-Main- Airport зэрэг нисэх буудлуудад ашиглаж байна.
Түүнчлэн аэродромын аюулгүй ажиллагааны чиглэлээр THALES GROUP-ын танилцуулсан аэродромын FOD хянагч төхөөрөмжийг судалжээ. Уг төхөөрөмж нь ХБХЗ-ны хажуугийн гэрэлтүүлгийн дэргэд байрлах ба 60 метрын радиус доторхи FOD-ыг өдөр шөнийн аль ч цагтилрүүлэх чадалтай аэродромын бэлэн байдлыг хангахад зориулагдсан бүтээгдэхүүн агаад хүний хүчин зүйлээс хамаарах алдааг багасгах, ХБХЗ-ны үзлэгийг илүү нарийвчлалтайгаар гүйцэтгэхэд ихээхэн давуу талтай төхөөрөмж ажээ.
Нийт дөрвөн хүзүүвчтэй “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд нислэгийн эрчимжилт ихэссэн үед хүзүүвчний хүрэлцээгүй байдал үүсдэг бөгөөд ихэнх онцгой, тусгай үүргийн болон захиалгат аяллын нислэгүүдийн агаарын хөлгүүдийг хүзүүвчгүй зогсоолд байрлуулж, зорчигчдыг нь нисэх буудал руу автобусаар зөөдөг. Одоо ашиглагдаж буй автобуснууд нь зорчигч багтаамжийн хувьд дундаж үзүүлэлттэй учир том оврын агаарын хөлөг буусан үед зорчигчдыг 5-8 удаа зөөхөд хүрдэг. Иймд том оврын автобусны хэрэгцээ зайлшгүй шаардагдаж байгаа ба тус үзэсгэлэн дээр танилцуулсан ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн “COBUS 3000” автобусыг судлахаар болжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ