Үр тарианы хураалт 80.3 хувьтай байна

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон.
Харин аравдугаар сарын 10-ний байдлаар 60.9 мянган га-г ангилан хадаж, 54.4 мянган га-г цайруулж, 178.6 мянган га-г шууд хурааж нийтдээ 233.0 мянган га-гаас 306.4 мянган тонн үр тариа, 13.7 мянган га-гаас176.1 мянган тонн төмс, 7.6 мянган га-гаас 96.9 мянган тонн хүнсний ногоо, 11.6 мянган га-гаас 37.1 мянган тонн тэжээлийн ургамал, 34.1 мянган га-гаас 24.1мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 80.3 хувь, төмсний хураалт 90.7хувь, хүнсний ногооны хураалт 94.3 хувьтай явагдаж байна.
Ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 26.3 хувиар их байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 10 дугаар сарын 11-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 13–нд зарим газраар хур тундас, цасорж 13 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Мэдээг орон нутгийн ургацын штабд хүргүүлж шуурхай арга хэмжээ авах чиглэл өгөв.
Ургац хураалтын ажилд 1980 цэргийн албан хаагч, сонсогч 600 гаруй оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ