А.Түмэн-Өлзий: Сүүлийн үеийн харриер 240G унадаг

Сайхан дуулахаас гадна стиль имижээ өөрчлөх дуртай дуучин бүсгүй А.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.

-Таны  уран бүтээлээр сонин сайхан юутай байна?

-Би хоёр шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Нэг нь Цэвээнравдангийн хөгжим, Алтантүлхүүрийн шүлэг  хайрын тухай дуу, нөгөөх нь Пүрэвсүрэнгийн хөгжим, Баянмөнхийн шүлэг  аавын тухай дуу байгаа. Мөн саяхан “Баясгалантай сайхан” гэдэг Цэцэрлэг эгчийн уран бүтээлийг Л.Болдбаатар ахтайгаа хамтраад  дуулсан. FM-үүдээр яваад эхэлсэн байгаа. Удахгүй энэ дуугаа дүрсжүүлэх байх.

-Тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

-Уг нь тавдугаар сард тоглоно гэж төлөвлөсөн байсан боловч  ард түмнийхээ сонорт хүрсэн олон дуутай болж байж тоглолт хийх нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрт хүрээд  хэсэг хугацаанд хойшлуулсан. Харин тавдугаар сарын нэгэнд манай найз Жимсээгийн бие даасан “Таван эрдэнэ” тоглолт болох гэж байна. Найздаа туслаад л байж байна даа.

-Хэдий хүртэл хойшлуулсан гэж?

-Намар л хийнэ гэж бодож байна. Яг өдөр судраа шийдээгүй.  Хугацаагаа товлоод эцсийн байдлаар үзэгчиддээ хэлнэ.

-Дуучин Жимсээгийн тоглолтод оролцох уу, та хоёр хамтраад уран бүтээл хийсэн биз дээ?

-Оролцоно. Мөнхжаргалын хөгжим, Наранцогтын шүлэг “Хайлан” гээд эмэгтэйчүүд, ээжүүдээ магтан дуулсан уран бүтээлээ дуулна. Бас өөрийнхөө уран бүтээлээс  дуулна.

-Та хоёр хэдийнээс найзлах болов оо?

-Бид хоёр оюутан байхаасаа найзалж эхлэсэн. Уран бүтээл болон амьдрал дээр бие биендээ урам, зөвлөгөө өгч, дэмжиж явдаг сайхан найзууд. Бид хоёрын хамтын уран бүтээл ганц нэгээр дуусахгүй. Цаашид  ч хамтран уран бүтээл хийнэ. Сая мартын 8-наар “Хайлан” гээд кино концерт хийсэн.

-Шинэ цомог хэдийгээр гаргах вэ?

-Одоогоор цомог гаргах болоогүй байна. Шинэ уран бүтээлүүдээ арвижуулсаны дараа гаргана. Би өмнө нь хоёр цомог гаргасан. Сонсогчдод маань их таалагдсан юм шиг байна билээ. Хоёулаа зарагдаад дууссан л даа. Харин дараагийн цомгоо дандаа бусад уран бүтээлчидтэй хамтран дуулсан дуугаар гаргая гэсэн бодол байгаа.

-Та өнөөдөр маш гоё хувцасласан байна?

-Баярлалаа. Уран бүтээлч хүн олны нүдэнд  ил байдаг болохоор байнга сайхан харагдаж байх ёстой. Миний стиль имижийг тодорхойлоод байдаг хүн байхгүй. Би өөрөө л тухайн өдөртөө зохицуулаад  хувцасладаг. Янз янзын л хувцас өмсөнө. Нэг хэв маягт баригдаад байхыг хүсдэггүй. Өөртөө зохиж л байвал ямар ч хувцас байсан аваад л өмсчихдөг. Брэнд хувцас ч нэг их хөөгөөд байдаггүй. Брэнд өмслөө гээд хүнд гоё сайхан харагдана гэвэл худлаа. Гэхдээ ер нь аль аль тал руугаа туйлшраад байдаггүй.

-Гоёл чимэглэл хэр их цуглуулдаг вэ?

-Мэдээж тоглолтод зориулсан гоёл чимэглэлийн зүйл зөндөө байдаг. Би ихэвчлэн сваровскигийн аксесуари хэрэглэх дуртай.  Одоо л гэхэд сваровскигийн бугуйвч, сувдан зүүлт  зүүсэн байна. Эмэгтэй хүн болохоор ганган хээнцэр, этгээд чамин загвартай ээмэг зүүлт сонирхдог. Надад зохисон, бас гоё харагдаж байвал 5000 төгрөгийн ээмэг байсан ч хамаагүй худалдаад авчихдаг.

-Та үс засалтаа ойр ойрхон өөрчлөх юм аа. Саяхан л улаан өнгөтэй байх шиг харагдсан?

-Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Тийм болохоор үсэндээ их анхаарна. Өдөр бүр тоглолттой, гадуур явж олон хүнтэй уулздаг болохоор байнга үсээ янзлуулах шаардлага гардаг. Өдөр бүр нэг цагийг  үсчинд өнгөрөөдөг. Үсээ улаанаар будаж байсан. Саяхан өөрчилсөн. Байнга нэг хэв маягт байгаад байх муухай шүү дээ. 

-Ямар машин унаж байна?

-240G гээд сүүлийн үеийн Харрьер машин унаж байна. Саарал өнгөтэй.

-Таны хуцасны өнгийг харахад бор өнгөнд дуртай юм шиг санагдлаа?

-Ер нь бол залуу хүнийг өнгө тодорхойлдог. Тийм болохоор өөрт зохисон аль болох гоё өнгөтэй хуцас өмсөх их дуртай. Яг бор өнгөнд дуртай биш  л дээ. Гол нь барьж байгаа цүнх гутлынхаа өнгийг хослуулах хэрэгтэй гэж би боддог. Бүр хослохгүй бол цүнхээ ээмэгтэйгээ ч  юм уу ямар ч байсан аль болох хослуулахыг л боддог.

-Таныг их олон даашинзтай гэж сонссон. Хаанаас авдаг юм бэ?

-Би хааяа дэлгүүр хэсэх дуртай. Энд тэнд явж байхдаа гоё даашинз, өөрийнхөө гадаад үзэмжийг тодотгох хувцас харагдвал  үнэ хайрлахгүй авдаг. Тоглолтынхоо хувцсыг  “Торго” салон, “Монгол костюмс”, “Урлах эрдэм” хувцас загварын товчоогоор хийлгэдэг.  Хамтарч ажиллаад олон жил болсон байна. Миний сонгосон энэ газрууд чанартай материалаар хувцас урладаг болохоор  өртөг  өндөртэй.


-Ганцаардсан үедээ сэтгэлээ яаж сэргээдэг вэ?
-Найз нөхөдтэйгээ ярилцаж суух дуртай. Хааяа зав гарвал тэдэнтэйгээ караоке орж дуулдаг. Дуулж байгаа үедээ би жаргалтай байдаг. Дуулахгүйгээр нэг өдөр ч байж  чаддаггүй. Ээж  минь миний хамгийн дотнын зөвлөгч. Уран бүтээлээ хийгээд хамгийн түрүүнд аав, ээждээ түрүүлж сонсгодог. Миний  олж харсан алдааг яг онож хэлдэг мэдрэмжтэй хүмүүс дээ.

-Өөрийнхөө алдаа, оноог  шүүж  тунгаадаг уу?
-Чив чимээгүй орчинд дотоод ертөнцтэйгээ удаан ярилцдаг. Дотоод Түмэн-Өлзий  намайг зэмлэдэг шүү. Зэмлэлийг нь сонсоод алдаагаа цаг алдахгүй засахыг хичээдэг. Миний гаргасан шийдвэр ихэнхдээ зөв байдаг юм.         
-Түмэн-Өлзий  амьдрал дээр яг  ямар хүн бэ, үнэнээр нь тодорхойлооч?
-Сэтгэлийн хөдөлгөөнтэй. Уурлаж бухимдвал удаан үргэлжилдэггүй. Амархан, баярлаж  гомдоно, өрөвч, цайлган  сэтгэлтэй. Гудамжинд гутруу яваа  хүнийг  хараад өрөвддөг. 

-Өдөрт  та хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?
-Тухайн өдрийн амжуулах ажлын байдлаас хамаарч зарцуулах мөнгөний хэмжээ янз бүр байдаг. Ямар ч байсан тооцоод үзэхэд 50 мөнгөн төгрөг зарцуулсан байдаг юм.

-Таны сонирхдог зүйлд спорт багтдаг уу?
-Сүүлийн үед бассейн, фитнессээр хичээллэх сонирхолтой болчихоод байгаа. Эрүүл мэндэд зайлшгүй нөлөөлөх спорт болохоор удахгүй хэрэгжүүлнэ ээ.
 

-Уртын дуучин бүсгүй рок, поп дуу сонсох уу?

-Сонсолгүй яах вэ. Багаасаа “Камертон”, “Номин талст” хамтлаг, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа нарын дууг сонсож өссөн. Би хүүхэд байхдаа поп чиглэлээр дуулдаг байлаа. Хойшдоо ч дуулах бодол бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуайн нэрэмжит тоглолт болдог байхад би хоёр удаа оролцож мөнгөн  медаль хүртсэн. Миний хувьд хүч хүрэх зүйлдээ өөрийгөө зоригтой сориод үзье гэж боддог шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ